“International IQ” цахим хуудаснаас гаргасан дэлхийн улс орнуудын оюуны чадварын түвшнийг харьцуулсан жагсаалтад манай улс наймдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Тус жагсаалтыг 2025 онд явуулсан оюуны чадварын сорилын дүнд үндэслэн гаргасан бөгөөд нийт 137 орны иргэдийг хамруулжээ.
Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд “International IQ” платформоор дамжуулан сорил өгсөн монголчууд дунджаар 102.61 оноо авч, наймдугаар байрт жагссан юм. Тэгвэл БНСУ 106.97 оноогоор эл жагсаалтыг тэргүүлсэн бол БНХАУ 106.48, Япон 106.30, Иран 104.80, Австрали 104.45, ОХУ 103.78, Сингапур 103.56, Монгол Улс 102.61, Шинэ Зеланд 102.35, Вьетнам 102.26 оноо авч эхний аравт багтжээ. Судалгаанд хамрагдсан орнуудын оноог бүс нутгаар нь авч үзвэл Зүүн Ази болон Номхон далайн бүсийн улсууд дээгүүр байр эзэлж байна. Үүнийг судлаачид тухайн бүс нутгийн боловсролын тогтолцоо, бага наснаас нь логик сэтгэлгээ болон асуудал шийдвэрлэх чадвар хөгжүүлдэг бодлого, орчинтой холбон тайлбарлажээ.
Монгол Улсын хувьд залуу үеийнхэн оюуны сорил, логик сэтгэлгээний шалгалт болон олон улсын тестүүдэд идэвхтэй хамрагдах болсон нь энэхүү амжилтад нөлөөлсөн байж болзошгүй юм. Мөн цахим сургалтын платформууд болон өөрийгөө хөгжүүлэх сорилуудад хамрагдах хандлага нэмэгдсэн нь үр дүнд эергээр нөлөөлжээ.
Уг жагсаалтыг гаргахдаа статистикийн шаардлага хангахгүй буюу 100-гаас цөөн хүн оролцсон орнуудыг оруулаагүй гэнэ. Мөн оюуны чадварыг зөвхөн IQ оноогоор хэмжих нь бүтээлч сэтгэлгээ, нийгэмшил зэрэг олон хүчин зүйлийг бүрэн илэрхийлж чаддаггүйг мэргэжилтнүүд онцолжээ. Иймд үүнийг нийт хүн амын оюуны чадамжийг бүрэн дүгнэсэн эцсийн үнэлгээ бус, харьцуулсан статистик мэдээлэл хэмээн авч үзэх нь зүйтэй аж.
Э.Сүйлэн