Японы Гал түймэр, гамшгийн менежментийн агентлагаас мэдээлснээр сүүлийн 14 хоногт үргэлжлэн орсон их хэмжээний цас, цаг агаарын аюулт нөхцөл байдлын улмаас 35 хүн амиа алдаж, 390 гаруй оршин суугч гэмтэж бэртжээ. Хүний амь эрсэдсэн тохиолдлууд нь голчлон Японы тэнгисийн эрэг дагуух болон хойд бүсийн мужуудад бүртгэгдсэн бөгөөд өчигдрийн байдлаар Нийгатад 12, Акитад зургаа, Хоккайдод гурав, Аоморид хоёр хүн нас барсан гэнэ. Харин Ивате, Ямагата, Нагано, Шимане муж тус бүр нэг иргэн амиа алдсан байна. Үлдсэн найман хүн нь бусад хойд болон баруун Японы мужуудад нас барсан гэж албаныхан мэдээлэв.
Ослын шалтгааныг тодруулбал, Нийгата мужид цас цэвэрлэж байсан хоёр эрэгтэй өнгөрсөн ням гарагт усны шуудуунд унаж амиа алдсан бол бусад бүс нутагт дээврээс цас цэвэрлэх явцдаа унах, ажлын байрандаа бие нь гэнэт муудах зэрэг тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн зарим бүс нутагт цасны зузаан түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Тухайлбал, Аомори мужид 175 см-ийн зузаан цас орсон нь сүүлийн 40 гаруй жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон аж. Түүнчлэн уулархаг болон алслагдсан бүсүүдэд цасны зузаан 4.5 метрт хүрчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Японы Засгийн газар Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчдыг дайчлан цас цэвэрлэх, аврах ажиллагааг эрчимжүүлж эхлээд байна. Холбогдох байгууллагуудаас иргэдийг цас цэвэрлэхдээ аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөхийг сануулав. Ойрын өдрүүдэд зарим нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.
Э.Сондор