БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд түүхэнд анх удаагаа нүүрсний станцуудын үйлдвэрлэх цахилгаанаас давах төлөвтэйг тус улсын Эрчим хүчний зөвлөл (CEC) даваа гарагт гаргасан тайландаа мэдээлжээ. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжиж хөгжүүлэх, цэвэр эрчим хүчний найдвартай систем бий болгохоор удаан хугацааны зорилт тавин ажиллаж буй урд хөршийн хувьд энэ нь томоохон амжилт гэдгийг шинжээчид онцолсон байна.
АНУ-ынхаас хоёр дахин их хэмжээний эрчим хүчийг дэлхийд харьцангуй хямд өртгөөр үйлдвэрлэж буй Хятад улс 2026 оны төгсгөл гэхэд нийт суурилагдсан хүчин чадлынхаа 50 гаруй хувийг нар, салхины эх үүсвэрээс гарган авахаар байгааг тус тайланд онцолжээ. Харин нүүрснээс гарган авах эрчим хүч нийт эх үүсвэрийн гуравны нэг орчмыг бүрдүүлдэг болж, эрс буурах тооцоолол гаргажээ.
2025 оны эцсийн байдлаар 1200 ГВт болоод байсан нарны эрчим хүч нь сүүлийн гурван жилд дунджаар 270 ГВт-аар өссөнийг БНХАУын Үндэсний эрчим хүчний удирдах газрын дата мэдээлэл харуулж буй юм. Нарны эх үүсвэрийн хүчин чадлаа ийнхүү дорвитой нэмэгдүүлснээр тус улс 2021, 2022 онд тохиосон шиг эрчим хүчний чадлын дутагдалд дахиж ороогүй байна.
Л.Ням