Монголчууд хатуу өвлийг давж, хаврын тэргүүн сарыг угтахдаа Цагаан сар хэмээн нэрийдсэн үндэсний баяраа тэмдэглэдэг. Цагаан сараар ахмад настнаа хүндлэн золгох, айл хөршөөрөө бууж, мордон, амар мэндээ мэндэлцэх төдийгүй, идээ ундааны тансаг, эд хэрэгслийнхээ өнгөлөг, нүнжигтэйг нь бэлтгэн зэхэж, гангалж гоёдгоороо онцлог. Цагаан сарын гоёл, хувцас, эдлэлийн тэргүүнд дээл багтана. Олон жилийн өмнө хүмүүс ихэвчлэн торго, даавуугаар хийсэн энгийн хийцтэй дээлээр гоёж байсан бол өдгөө улам шинэ чилж, загварчилж, нэмэлт гоёл зүүсгэл буюу ээмэг, зүүлт, бүс, цүнх сэлтээр баяжуулан өмсөх болжээ. Дээлийн ур хийц, загвар, өнгө, материал зэргийг дурдаж тоо чиж барахгүйгээр олон байна.
Тэгвэл энэ онд, ер нь сүүлийн 2-3 жил ямаршуухан дээл трэнд болж буйг сонирхлоо. Бүсгүйчүүд ихэвчлэн тод өнгөтэй, үнэтэй торго, даавуугаар оёсон, хэт нимгэн биш, биежүү материалтай дээл сонирхож байгаа аж. Түүнчлэн дээлэн дээрээ давхарлан хантааз, ууж, хү рэм өмсөх нь олширчээ. Мөн урт ээмэг, шанх, толгойн гоёл, сувдан зүүлт, сувдан даруулга сэлтийг хослуулан зүүж, төрөл бүрийн малгайгаар гоёж байна. Харин эрчүүд цулгуй зузаан даавуу, эсвэл хээгүй торгон дээл авахыг эрмэлзэн, сээтэн, сампин, жанжин зэрэг малгай духдуулж, ээтэн хоншоортой гутал, эсвэл гялгар арьсан хром сонгох нь элбэг байна.
Мэдээж хүүхдүүдэд зориулсан дээл, монгол загвартай даашинз, гутал, малгай, цамц төрөл төрлөөрөө бий. Дээл, монгол үндэсний хувцасны загвар, чиг хандлагын талаар “Тунгалаг төгс” урлангийн эзэн, оёдолчин Б.Тунгалаг “Морь жил гарч буй учраас цөөнгүй урлан, морины эрч хүч, хийморь золбоо, хурдыг бэлгэдсэн зураг, хатгамал, шигтгээ бүхий дээл, хувцас санал болгож байна. Мэдээж уламжлалт загварыг орчин үеийн хэв донжтой хослуулах, дээлийг хоёр салгаж юбка, цамц болгох, нударга, захыг нь авч, сольж болдог зэргээр загварчилж хийж хэвшлээ. Айлын эхнэрүүд, гэрийн эзэд аль болох үнэ цэнтэй торго, даавуу болон чимэглэлтэй дээл сонгож байгаа бол хөвгүүд, охид нимгэн даавуун болон халаастай дээл, шилбэ, товчтой даашинз, юбка, уйгаржин бичигтэй пудволка, өмд зэргийг сонгодог. Бас эмжээр, товч, шилбийг нь содон байдлаар тодотгох, уяа оруулга хийх, тод өнгийн эмжээрийг дагуулж хиймэл сувд, шүрээр гоёж, алтан утсаар хатгамалдвал энгийн дээл “амь ороод”, илүү эрхэмсэг, тансаг харагддаг. Ер нь ийм өнгө, тийм загвартой дээл, хувцас илүү сонголттой гэх аргагүй болсон. Урлан, брэнд, загвар зохион бүтээгч бүр өөр өөрийн онцлогийг харуулсан, чамин тансаг, дахин давтагдашгүй бүтээлийг зах зээлд нийлүүлэхийг зорьж байна. Хамгийн гол нь урд хөршийнхнөөс өөр, цэвэр монгол ур хийц, товч, шилбэтэй, дүр төрхтэй дээл, малгай, бүс, хантааз байвал л зохино” хэмээв.
Ташрамд дурдахад, дээл 250 000-4 000 000, хантааз 150 000-1 000 000, хүүхдийн дээл болон хантааз 100 000-500 000, малгай 150 000-1 000 000, түрийтэй болон ээтэн хоншоортой гутал багадаа 300 000 төгрөгийн үнэтэй байна. Ингээд зарим брэнд, урлангийн бүтээлээс толилуулъя.
“Ev”, “Өв”, “100 brand”, “Аmin kids” болон бусад брэндийн дээл, малгай, хантааз
С.Дулам