Британийн парламентад Бүх намын Монголын бүлгийг шинээр байгуулсан байна. Тус улсын парламентын гишүүн Жэймс Вайлд уг бүлгийг санаачилсан аж. Улмаар дэд даргаар нь Кэтрин Уэст ажиллах бөгөөд нийт 20 гаруй гишүүн багтжээ. Бүх намын Монголын бүлэг байгуулсан нээлтийн ажиллагаанд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх оролцсон байна. Энэ үеэр дээрх бүлгийн гишүүд чухал түүхий эд, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, аюулгүй байдал зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Тус улсын парламентад 1995 онд анх ийм бү лэг байгуулж байсан юм билээ. Улмаар хоёр улсын харилцааны асуудлаар хэлэлцүүлэг өрнүү лэх, Британийн Засгийн газарт асуулга тавьж, мэдээлэл авах, хууль тогтоох байгууллагын хүрээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн байна. Гэвч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь идэвхгүй болсон тул ийнхүү дахин шинээр байгуулжээ. Парламентын гишүүд сонирхсон улс, асуудлын хүрээнд сайн дурын үндсэн дээр ийм бүлэг байгуулдаг бөгөөд ингэхдээ бүх намын төлөөллийг оролцуулах ёстой байдаг гэнэ.
С.Уул