Аplus.mn нь Боловсролын ерөнхий газартай “Сурах бичиг хэвлэх, худалдах, түгээх ажил гүйцэтгэх” гэрээ 2023 онд байгуулсан ч үүнийгээ цалгардуулж, олон хүүхэд сураг бичиггүй, захиалгын төлбөрөө ч буцаан авч чадаагүй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус газраас Боловсролын ерөнхий газрыг гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн шүүхэд хандсан байна. Тодруулбал, Аplus.mn цахим хуудсандаа “Манай байгууллага гэрээний дагуу өөрийн сайт болон аппликэйшн дээр сурах бичгийн захиалга авах, төлбөр төлөх, сурах бичгийг сонгох, захиалах, буцаах зэрэг үйлдэлтэй бөгөөд төлбөрийг дөрөв ба түүнээс дээш төлбөрийн хэрэгслээр төлөх боломж бүрдүүлэх, гэрээний хугацаанд захиалагч нь тухайн ажлыг бусад компанид давхардуулан олгохгүй байх нөхцөлтэйгөөр ажиллаж ирсэн болно. Гэтэл төрийн эрх бүхий байгууллагууд энэхүү гэрээний заалтууд болон баталсан журмаа зөрчин, манай байгууллагыг сурах бичиг түрээслэх, захиалга авах, хүргэлт хийх эрхгүй хэмээн шийдвэр гаргаж, 2025 оны аравдугаар сарын 28-нд албан бичгээр аймаг, дүүргийн Боловсролын газруудад мэдэгдэл хүргүүлсэн байна. Иймд бид үүссэн нөхцөл байдлыг харгалзан, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс сурах бичгийн захиалгыг цуцалж, хэрэглэгчдийн төлбөрийг буцаан олгохын зэрэгцээ гэрээний үүргээ зөрчиж, байгууллагад учруулсан хохирлыг тогтоолгохоор шүүхэд хандаж байна” гэж бичсэн байв.
Энэ талаар Боловсролын ерөнхий газрын мэргэжилтнээс тодруулахад “Аplus.mn” компанитай сурах бичиг хэвлэж, худалдаалах гэрээ байуулсан. Боловсролын ерөнхий газраас ямар нэгэн төсөв санхүү өгөөгүй. Хамтран ажиллах гэрээний хугацаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд дууссан. Улсын хэмжээнд 6-12 дугаар ангид нийт 441 мянган сурагч түрээсний болон худалдааны сурах бичиг ашиглаж байна. Сурах бичгийн хангалт 94.8 хувьтай байгаа. Мөн дижитал сурах бичиг ашигладаг” гэв.
Төр, хувийн хэвшлийн байгууллагын үл ойлголцлын балгаар сурагчид тухайн үедээ сурах бичиггүй хохирсны хариуцлагыг хэн нь хүлээх вэ. Ямартай ч сурах бичиг худалдан авахаар мөнгө шилжүүлсэн бол төлбөрөө “Эй плас интернэйшнл” компаниас авч болох нь.