Америкийн тэрбумтан Илон Маск хиймэл оюуны “xAI” компаниа сансрын технологийн “SpaceX” корпорацтай албан ёсоор нэгтгэжээ. Ингэснээр тэрбээр 800 тэрбум ам.доллароос давсан хөрөнгөтэй түүхэн дэх анхны хүн болов. Тэрбээр энэхүү шийдвэрээ хиймэл оюуныг хөгжүүлэхэд шаардлагатай асар их эрчим хүчний асуудлыг шийдэх, байгаль орчинд ээлтэй технологийг сансарт нэвтрүүлэх зорилготой хэмээн тайлбарласан юм. Мөн пуужин үйлдвэрлэл, хиймэл дагуулын холбоо, хиймэл оюун болон өгөгдөл боловсруулах сансрын дэд бүтцийг цогцлоосон инновацын томоохон төв байгуулах нөхцөл бүрдээд буй аж.
“Forbes” сэтгүүлд мэдээлснээр шинээр нэгдсэн компанийн үнэлгээ 1.25 их наяд ам.долларт хүрсэн нь Илон Маскийн хөрөнгийг 84 тэрбумаар өсгөж, нийт 852 тэрбум “ногоон”-оор хэмжигдэх болов. Ингэснээр тэрбээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн баян хүн болох амжилтаа дахин шинэчиллээ.
Одоогоор И.Маск нэгдсэн компанийн 43 орчим хувийг эзэмшиж байгаа юм. Тэрбээр өмнө нь “SpaceX”-ийн 42, “xAI”-ийн 49 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байв. Энэхүү нэгдэл нь түүний сүүлийн нэг жилийн хугацаанд хийж буй хоёр дахь томоохон хэлцэл бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард тэрбээр “xAI”ийг өөрийн эзэмшлийн “X” (хуучнаар Twitter) платформтой нэгтгэж байсан бөгөөд тухайн үед тэдгээрийг 80 болон 33 тэрбум ам.доллароор тус тус үнэлж байжээ.й