Хоёрдугаар сар гарч, жавар тачигнасан өвлийн өдрүүд үргэлжилж байгаа ч соёл урлагийн салбарт халуун дулаан уур амьсгал зонхилж байна. Гэгээн хайрын баяр болон амралтын өдрүүдэд үзэгч, сонсогчдынхоо сэтгэлийн утсыг хөндөж, оюуны цангааг тайлах сонирхолтой үзвэр, тоглолтууд Улаанбаатар хотод ар араасаа хөврөх гэж байна. Сэтгэлд хоногшсон уянгын дуунуудаас эхлээд дэлхийн сонгодог балет, театрын сор бүтээлүүдийг багтаасан энэ сарын онцлох үзвэрүүдийг бид тоймлон хүргэж байна.
ХҮРЧ ЧАДАХГҮЙ МӨРӨӨДЛӨӨ UNPLUGGED ХЭМНЭЛЭЭР “АМИЛУУЛНА”
“...Энэ борооны дараа дараа солонго чи гарах уу Хүрч амжаагүй байхад дахин замхран одох уу Заавал чамайг бараан бараан үүлэн дундаас хайх уу Хүрч чадахгүй тийм нэг мөрөөдлийг минь чи мэдэх үү”
Энэхүү дууг сонсоод хүрч чадаагүй нэгнийхээ тухай бодолд автаагүй хүн ховор биз ээ. Тэгвэл “Хүрч чадахгүй”, “Хааяа сайн биш байж болох уу” тэргүүтэй олон хит дуугаараа үзэгчдийн, тэр дундаа охид бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөндөж чадсан дуучин Чойжоо буюу Б.Чойжилсүрэн бие даасан “Unplugged” тоглолтоо толилуулах гэж байна. Гэгээн хайрын баярын өдөр буюу энэ сарын 14-нд “AIC steppe аrena”-гийн тайзнаа толилуулах эл тоглолтын тасалбар 110 мянган төгрөгийн үнэтэй.
“ХУВЬ ЗАЯАНЫ ХҮЛЭЭС”
Улсын хүүхэд, залуучуудын театрынхан “Хувь заяаны хүлээс” уянгын драмын жүжгийг энэ сарын 12-ноос олны хүртээл болгоно. Валентин Красногоровын зохиолоос сэдэвлэсэн эл жүжгийн найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан О.Итгэл ажилласан бол гол дүрд Г.Алтангэрэл, Г.Номуун нар тоглох гэнэ. Дөрөвхөн удаа толилуулах эл жүжиг тэтгэвэртээ гарах дөхсөн циркийн жүжигчин алс бөглүү тосгонд нэгэн эмэгтэй хажуу өрөө түрээслэх болсноор эхлэх бөгөөд тасалбарыг нь 50 мянган төгрөгөөр борлуулж байна.
АННА КАРЕНИНАГИЙН ТҮҮХЭЭР АЯЛААРАЙ
Оросын алдарт зохиолч Л.Н.Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг УДЭТын уран бүтээлчид энэ сарын 11-15-нд үзэгчдийн хүртээл болгох нь. Жүжгийн тасалбарыг суудлын зэрэглэлээс хамааран 30-120 мянган төгрөгөөр борлуулж байна. Уг зохиолд гол дүр Анна болон түүний бэр эгч Долли, дүү Кити нарын хайр дурлал, амьдралын сонголт, ээдрээт хувь тавилангийн тухай өгүүлдэг бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү бүтээлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг туурвил хэмээн үнэлдэг билээ.
“ОПОЗИТ” БОЛОН “БАГА ТОЙРОГ”-ИЙН ХАМТРАЛ
Гудамжны яруу найргийн эгшиг, бас хөг гэгддэг “Опозит” хамтлагийнхан “Бага тойрог”-ийнхонтой хамтран “Songs n’ roses” хэмээх бүрэн хэмжээний тоглолтоо Гэгээн хайрын баярын өдөр “Crocus event hall”-д толилуулах гэж байна. Уг тоглолтын гол онцлог нь “Хамгийн сайхан нь”, “Дандаа дэндүү даам”, “Метроны буудлын утасны бүхээг” зэрэг нийт 25 хит дуугаа анх удаа амьд хөгжимтэй хослуулан хүргэхэд оршиж буй юм. Гэгээн хайрын баярын үдшийг халуун дулаан уур амьсгалаар хөглөх энэхүү тоглолтын тасалбар 120 мянган төгрөгийн үнэтэй аж.
“ДОН КИХОТ”-ЫГ ДБЭТ-ЫН ТАЙЗНАА ДАХИН ТОЛИЛУУЛАХ НЬ
Л.Минкусын “Дон Кихот” балетыг ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 14-15-нд үзэгчдийн хүртээл болгоно. Эл балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд Москва хотын Их театрын тайзнаа 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд анх удаа үзэгчдийн хүртээл болгож байв. Харин Монголын тайзнаа 1971 оны гуравдугаар сарын 1-нд анхлан тоглосон түүхтэй. Эхлэл бүхий гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү бүжгэн жүжгийн тасалбарыг эгнээ, суудлаас нь шалтгаалаад 40-80 мянган төгрөгөөр борлуулах аж.
БҮТЭЭЛЧЭЭР БОЛЗООРОЙ
Улаанбаатар хотын төв номын сангийнхан Гэгээн хайрын баярыг тохиолдуулан хосуудад зориулсан цемент урлалын бүтээлч арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэхүү өдөрлөг нь хосуудад номын санд ном уншингаа халуун дулаан уур амьсгалд болзохын зэрэгцээ өөрсдийн гараар дахин давтагдашгүй бэлэг урлах боломж олгож буйгаараа онцлогтой. Оролцогчид өөрсдийн хэв маяг, сэтгэлээ шингээн цементээр төрөл бүрийн гоёл чимэглэл, гэр ахуйн жижиг хэрэглэл урлаж, хайртай хүндээ бэлэглэх аж. Энэхүү бүтээлч болзооны тасалбар ердөө 10 мянган төгрөг гэнэ.
ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ТҮҮЧЭЭ БОЛСОН УРАН БҮТЭЭЛЧИД НЭГЭН ТАЙЗНАА ЧУУЛНА
Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр ардын дуу хуурын өв соёлыг түгээн дэлгэрүү лэх зорилготой “Торгоны хээ” тоглолтыг Соёлын төв өргөөний тайзнаа энэ сарын 13-нд үзэгчдийн хүртээл болгох нь. Энэ удаагийн тоглолт нь үндэсний урлагийн түүчээ болсон мэргэжлийн уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, монгол угсаатан бүрийн язгуур аялгуу, өвөрмөц онцлогийг сонордуулахаараа онцлогтой. Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын чуулгын удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайхан эл тоглолтыг удирдан чиглүүлж буй. Түүний содон найруулгаар эгшиглэх уртын болон ардын дуунуудыг уран бүтээлчид өөр өөрийн дуу хоолой, өвөрмөц донж маягаар үзэгчдийн хүртээл болгох юм.
Э.Сондор