Хүсвэл Нисимура Мако хэнийг ч айлгаж чадна. Энэ япон эмэгтэй гадаад байдлаараа айдас хүрмээр “амьтан” уг нь биш. Якуза (гэмт бүлэглэл, түүний гишүүн)-гийн уламжлалыг мэдэх хүн л бие дээрх шивээс, чигчий хурууных нь нэг үе байхгүйг анзаарч, түүнтэй наргиж наадахгүй байх нь дээр болохыг шууд ойлгоно.
Тэрбээр гэмт хэргийн ертөнцийг ердөө таван жилийн өмнө орхимогц алдар цуутай хүн болжээ. Түүнээс өмнө эмэгтэй якузагийн тухай хүмүүс бараг юу ч мэддэггүй байж. Тэгэхдээ гэмт бүлэглэлүүдэд бүсгүйчүүд байдаг тухай мэдээлэл сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрээс дуулддаг болсон байв. Урьд нь тэд хэл амаа ололцох, мафийн “гэр бүл”-үүдийн хоорондын харилцаа холбоог цэгцлэх гэх мэт хүмүүнлэг үүрэг гүйцэтгэдэг байсан бол одоо залуу охид ч томоохон цуст гэмт хэрэгт оролцдог болсон байна. Харин язузагийн хувьд өөр, тэнд эмэгтэйчүүд хоёр, гуравдугаар зэргийн үүрэг гүйцэтгэнэ. Тийм болохоор сүүлийн 40 жил Японы гэмт хэргийн ертөнцийн дээд зиндаанд орж явсан Макогийн намтар сонирхол татдаг.
Янз бүрийн улс орны гэмт хэргийн бүлэглэлүүдэд адил төстэй юм хайсан судлаачид эрлээ олсон нь цөөнгүй. Италийн “Коза ностра”, Америкийн мафи болон бусад бүлэглэл хоорондоо олон юмаараа төстэй байдаг аж. Тэд бүгд өөрсдийн гэмт үйл ажиллагааг нуухыг хичээдэг.
Якуза бол огт өөр. Энэ бол хоорондоо дайсагнасан ч бай гэмт хэргийн олон “гэр бүл”ийг өөр хооронд нь зохион байгуулах өвөрмөц арга ухаан юм. Тэд үйл ажиллагаагаа нууж хаахыг ер хичээж байсангүй. Бүлэглэл бүр өөрийн гэсэн таних тэмдэгтэй, түү нийгээ нуухгүй, албан байрныхаа хаалган дээр хадчихсан байдаг. Нутаг дэвсгэр дээр нь ямар “гэр бүл” ажилладаг, түүнд гаднын ямар компаниуд харьяалагддагийг япончууд сайн мэдэж байдаг. Язузагийн гишүүдийг шивээсээр нь ялгаж болно. Шивээсийг орчин үеийн багаж хэрэглэхгүй, эртний уламжлалт аргаар мэргэшсэн хүмүүс хийнэ. Дээрэмчний биед тод томруун шивээс байх тусмаа нэр хүндтэй. Якуза нь дан эрчүүдийн нийгэм, хамт олон байсаар ирснээрээ гэмт хэргийн бусад бүлэглэлээс ялгаатай. “Сайн эрчүүдэд” гэргий, охид бүсгүйчүүд байх ч тэд ямагт тайван амгалан үүрэг гүйцэтгэнэ.
Макогоос гадна тухайн үедээ якузагийн бүрэн эрхт гишүүн байсан судлаачид мэддэг ердөө ганц эмэгтэй байсан нь Мацуда Ёсико юм. Харин Макогийн батлагдаж нотлогдсон түүхээс ялгаатай нь түүний намтрын эргэн тойронд асар олон домог байдаг.
Ёсико дайны дараах Японд аж төрж байв. Нэгэн таамгаар нөхрийг нь 1946 онд өрсөлдөгчид нь алчихаж. Тэр цагт Ёсико нөхрөө ядах юмгүй орлох болсон нь түүний нэр хүнд ямар байсны илэрхийлэл гэж хэлж болно. Гэтэл түүнийг огт өөр ирээдүй хүлээж байсан нь хачирхалтай. Тэрбээр чинээлэг бизнесмений гэр бүлээс гаралтай, залуудаа хувцасны загварын тухай сэтгүүлийн хавтсан дээр зураг нь нийтлэгддэг, Японы тэргүүлэх сайхан бүсгүй гэгдэх шахам явж. Харамсалтай нь, дэлхийн II дайн охины гэр бүлийг ядууруулж, Ёсико якузагийн ахлагчтай ханилж, эрчүүдийн догшин ширүүн ертөнцөд ядах юмгүй зүг чигээ олж, тэдний хүндэтгэлийг хүлээв.
Нисимүра Макогийн туулсан зам Ёсикогийнхоос огт өөр. Эцэг нь төрийн албан хаагч, маш чанга хатуу хүн байв. Тэрбээр охиноо хулсан савааны хүчээр дуулгавартай болгож өсгөжээ. Өсвөр насанд хүрээд Нисимүра зодуураас залхаж, гэрээсээ яваад, тун тааруухан хүмүүстэй холбогдсон байна. Кинонд хардаг шиг “ширүүн эр”-чүүдийн бүлэгт ороод явчихжээ. Тэд нь мотоциклоос гадна зүсэн бүрийн хууль бус үйл ажиллагаа сонирхдог, үйлддэг байлаа. Эдний дунд байхдаа бүсгүй зодолдож сурсан аж. Улмаар мансууруулах бодис наймаалж, авлига авах болсон төдийгүй шалтаг гарвал нударганы амт үзүүлэхээс ч буцахаа байв. Хэдэн жил гудамжны шалихгүй гэмт хэрэгтэн байж, боломж ч олдохгүй байснаас якуза болно гэж бодсонгүй. Тэгтэл нэг удаа эмэгтэй найзыг нь гудамжинд айхтар зодсон байв. Макодоод найз нь энэ тухай гомдоллоход 20 настай бүсгүй бүдүүн гэгч бороохой барин давхиж очоод нөгөөдүүлийг сүйд хийх шахаж, тэд амьд үлдсэндээ ханцуйндаа залбираад үлджээ. Энэ тухай яриа нутгийн нэг “гэр бүл”-ийн сонорт хүрснээр Маког тэд албан байрандаа дуудсан байна.
Энэ үед Мако өнгөрсөн амьдралаасаа бүрмөсөн салсан байв. Бага насны хүүхдийн шоронд хэд хэдэн удаа орж, гэрийнхэн нь түүнийг хуульд захирагддаг амьдралд эргэж оруулах найдвар нэгэнт тасарсан байна. Мако ч шинээр нэгдсэн эрчүүдийн бүлэгтээ багтаж, тэдэнтэй эн зэрэгцэн эхний жижиг сажиг даалгавар биелүүлж явахдаа боссуудынхаа дунд нэр хүндтэй болсоор байв. Эцэст нь жинхэнэ якуза нарын дунд өөрийн байр суурьтай болж, холбогдох ёслолыг нь ч үйлджээ.
Мансууруулах бодисын наймааг томоохон хэмжээгээр хийх болжээ. Түүнээс гадна өр, авлагыг барагдуулах, аливаа ажил хэргийг өрсөлдөгчидтэйгөө эв зүйгээр зохицуулах хэрэг боссуудад тулгарахад яриа хөөрөө ч хийх болсон байна. Ахлагч, толгойлогчид нь найртай ханддаг ч түүнд ямар нэг өршөөл уучлал үзүүлж байсангүй. Мако гэмт үйлдлийг бүгдтэй адил хэмжээнд хийж, хариуцлагыг ч ижил хүлээж явав. Чухам ингэж явахдаа л баруун гарынхаа чигчий хуруунаас салах шахсан аж. Нэгэн айхтар алдаа хийснийхээ дараа хурууныхаа нэг үеийг өөрөө тайрч орхижээ. Энэ үйлдлийг өөрсдөө хийж зүрхлэхгүй якуза нар хурууг нь тайрч өгөхийг Макогоос гуйдаг болсон гэдэг. Үүний зэрэгцээ өрсөлдөгч бүлэглэлүүд түү нийг хүлээн зөвшөөрөхгүй, үл тоомсорлон хандана. Энэ нь бүсгүйг бухимдуулна. Чухам үүнээс үүдэн якуза нарт өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд би эрчүүдтэй эн тэгш зодолддог болсон гэж Нисимура Мако ярьсан байдаг. Японы эрх баригчид түүнийг өрсөлдөгч гэхээсээ өмнө якуза гэх болсон байна. 22 настайдаа Мако мансууруулах бодис хадгалсан хэргээр анх шоронд ороход түүний нуруу, гар дээрх шивээсийг үзээд шоронгийн ажилтнууд гайхаж байжээ.
Мако 10 гаруй жил бүлэглэлдээ байхад түү ний нэр хүндэд ер сэв сууж байсангүй. Тэрбээр нэгэнтээ “Би сайн зодолдож байсан. Эрчүүдэд ганц ч удаа ялагдаж үзээгүй” гэж хэлж байжээ. Мако өрсөлдөгч бүлгийн нэгэн залууд дурласнаас үүдэн “гэр бүл”-ээсээ гарсан байна. Тэд хоёр хүүгийн эцэг, эх болжээ. Гэтэл гэмт хэргийн намтар нь Макогоос салсангүй, элдэв шивээс, чигчий хуруу дутуу зэрэг нь түүнийг хэн явсныг илчлээд байх тул жирийн ажил хийж ч болохгүй байв.
Эцэст нь Мако хуучин “ажил”-даа буцаж ороод хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн хажуугаар хар тамхи зарах болов. Энэ хугацаанд нөхөр нь бүлэглэлийнхээ толгойлогч болж эр, эм хоёрын харилцаанд өөрчлөлт орсноос тэд салжээ. Нөхөр нь хоёр хүүгээ аваад явчихав. Ингэснээр гэмт хэргийн биш ертөнцөд байж чадахгүй байсан тул Мако “гэр бүл”-дээ буцаж очив. Нас нь 40 гарсан байлаа.
Гэмт хэргийн бүлэглэлүүд, гишүүдэд мэдэгдэхүйц өөрчлөлт бий болсон ч тэд цорын ганц якуза эмэгтэйгээ эгнээндээ хүлээж авчээ. Японы гэмт хэргийн ертөнцөд үнэхээр маш олон юм өөрчлөгдсөн байлаа.
Якуза хүчирхэг байсан үе өнгөрчээ. Эдийн засгийн аливаа салбарт нөлөөгөө нэмэгдүүлэх, үйлдвэрийн газруудын дуулгаваргүй эздэд нөлөөлөхийн тулд дайны дараах хагас сүйтгэгдсэн улсын эрх баригчид мафийн толгойлогчид руу сэм гүйлдэх болсон байв. Мафи нь улс төрийн эрх баригчидтай хүж барилдсан Италийн байдлыг санагдуулж байлаа. Гэхдээ л 1960-аад онд якуза нар бараг 200 мянгаар тоологдож, толгойлогчдын нөлөө ч муугүй байв. Тэгснээ 1990-ээд онд эрх баригчид дээрэмчдийн бүлэглэлийг ил талбайгаас шахан зайлуулж, ердөө гудамжны сүүдрийн бизнес хийхийг л зөвшөөрөх болсон байна. Яг ийм үед нь Мако эргэж иржээ. 2010аад оны дунд үеэс Япон Улс зохион байгуулалттай гэмт хэргийг хазаарлах бодлого явуулах болов. Олон босс нь ил гарч, жирийн бизнесмен болж хувирахыг хичээж, зарим нэг нь бүр үгүйрч хоосров.
Мако “ширүүн эр”-чүүдийн бүлэглэлдээ буцаж ирэхэд босс байсан хүн нь мансууруулах бодисоор дагнадаг, түүний бүлэглэл гудамжны ялих шалихгүй гэмт хэрэг үйлдэх болсон байв. Макогийн орсон нөгөө бүлэглэл илүү хүчирхэг, нөлөө бүхий болсон шиг санагдаж байлаа. Харин якуза нар гял цал байдал, хүндлэл дээдлэлээ алджээ. “Якуза нар урьд муу бүхний хаан байсан сан” гэж тухайн үед бий болсон өөрчлөлтийг Мако тодорхойлсон байдаг.
2020 онд Мако гэмт хэргийн ертөнцөөс бүрмөсөн ангижирчээ. Хуучин байшин барилгыг нураах ажил эрхэлж, гэмт хэрэгтэн байсан хүмүүсийг шударга амьдралд шилжихэд нь туслахын тулд өөрийн эгнээнд элсүүлдэг “Gojinkai” гэдэг байгууллагатай Мако удалгүй холбогджээ. Энд тэрбээр чухам нэг зохих байр сууриа олж, хэнийг ч зодох, дээрэмдэх шаардлагагүй болов. Япон бүсгүй ямар бүлэглэлд харьяалагдаж байснаа дэлгэсэнгүй, “гэр бүл”ийн дотоод амьдралын талаар ярьсангүй, хамт явсан хүмүүстээ үнэнч хэвээр байлаа. Эрх баригчдын бодлого үйл ажиллагаанаас хамаарч сүүлийн жилүүдэд якуза нарын тоо бараг “нойл заасан” ч Мако одоо гэмт хэргээс ангид аж төрж байна. Эцгийн эрхт ёс, уламжлал нь хосгүй Японы хувьд түүний туулсан амьдралыг гайхалтай гэхээс өөрөөр юу гэх билээ.
Р.Жаргалант