Гал морин жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох “Минимал дээл” шоуг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвөөс өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр ирэх жилийн трэнд гоёлыг танилцуулсан бөгөөд минимал хэв маягтай дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүүсгэлийн иж бүрэн зохицлыг дотоодын үйлдвэрлэгчид түлхүү онцолжээ.
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа “Гал морин жилийн босгон дээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, өв соёлоо сурталч лах зорилготой зохион байгуулж буй “Амар байна уу-2026” үзэсгэлэн, худалдаа олон арга хэмжээгээр үргэлжилж байна. Үүний нэг нь “Минимал дээл” загварын шоу болов. Энэхүү үзүүлбэрээр үндэсний хувцасны өнгө төрх өнгөрсөн жилийнхээс илт өөрчлөгдсөн нь харагдана. Өөрөөр хэлбэл, 2026 оны загварын чиг хандлага энгийн атлаа иж бүрэн байгаа нь сонирхол татлаа. Зөвхөн дээл бус, түүнийг дагалдах ууж хантааз, толгойн гоёл, бүс, малгай, гутал зэргийг хэрхэн орчин үеийн хэв маягт оруулж, өдөр тутамдаа ч өмсөж болохоор энгийн урласнаа дизайнерууд гайхуулсан. Эл шоунд танилцуулсан бүх гоёлыг үзэсгэлэн, худалдаагаар үйлдвэрийн үнээр борлуулна” гэсэн юм. Сонирхуулахад, сар шинийн баярыг угтан дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа эл үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.
М.Гэгээ