Улс төрийн намын тухай хуулийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн долоодугаар сарын 20, жилийн эцсийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10- ны дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” хэмээн заасан байдаг. Үүний дагуу намуудын санхүүгийн жилийн эцсийн тайлан авах хугацаа өнөөдөр дуусах юм. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намд бүгдэд нь хуулийн эл заалт хамаатай. Хэрэв хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-нд ирүүлэхгүй бол тухайн намыг идэвхгүйд тооцож, сонгуульд оролцох эрхийг нь хасах зохицуулалттай.
Тэгвэл өчигдрийн байдлаар Ард түмний, Ард түмний хүч, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэдийн оролцооны нэгдэл, Ард түмний олонхын засаглал хэмээх зургаан нам жилийн эцсийн тайлангаа СЕХ-нд хүргүүлсэн байв. Цаг тулгадаг монгол “заншлаар” намууд сүүлийн өдөр нь голдуу тайлангаа ирүүлдэг гэнэ. Өнөөдөр ажлын цаг дуусах хүртэл бусад намаас тайланг нь авах юм.
С.Уул