Манай улс 2022 онд багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулсан. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн онд дөрөв дэх удаагаа зохион байгуулсан бөгөөд нийт 36 853 багш хамрагдсан байна. Тэгвэл энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээний нэгдсэн дүн гарчээ. Тодруулбал, цэцэрлэгийн 7215 багш үнэлгээнд хамрагдсанаас 3674 нь V, 1335 нь IV, 852 нь III, 879 нь II түвшинд үнэлэгдсэн бол 475 багш I түвшинд эрэмбэлэгджээ. Энэ үзүүлэлтийг 2024 оны үнэлгээний дүнтэй харьцуулахад I-IV түвшний багш нарын тоо буурсан байна.
Харин ерөнхий боловсролын сургуулийн 29 638 багш үнэлгээнд хамрагдсан юм. Багшийн гүйцэтгэлийн үнэлгээний дундаж хувь жил ирэх бүр нэмэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, 2022 онд дундаж хувь нь 69.7 байсан бол өнгөрсөн онд 80.3 болж нэмэгджээ. Нийт хамрагдсан багшийн 13 284 нь V, 5920 нь IV, 4540 нь III, 3976 нь II, 1890 нь I түвшинд үнэлэгдсэн байна. Нэгдүгээр түвшинд үнэлэгдсэн багш нар өнгөрсөн оныхоос 16-гаар нэмэгдсэн бол II түвшнийх 1501-ээр цөөрчээ. 2022 онд нэгдүгээр түвшинд ердөө 947 багш үнэлэгдэж байж.
Ташрамд, багшийн ажлын гүйцэтгэл, чанар, үнэлгээний үр дүнд үндэслэн нэмэлт урамшууллыг жил бүр олгож буй. Тухайлбал, I түвшний багш цалингийн 40 хувийн нэмэгдэл хүртдэг бол бусад түвшнийхэд 15-25 хувийн нэмэгдэл урашуулал олгодог юм.
Ч.Болор