Тавгийн идээний хэвийн боовыг чанар, аюулгүй байдлыг нь алдагдуулахгүй хадгалахын тулд стандартын шаардлагад нийцсэн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг Стандарт хэмжил зүйн газар (СХЗГ)-аас анхааруулав. Сар шинийн баярыг тохиолдуулан зах, худалдааны төвүүдэд олон нэр, төрлийн хэвийн боов худалдаж буй. Тэдгээр нь чанарын шаардлага хангасан агуулахад хадгалсан, эсэх нь тодорхойгүй байдаг. Тэгвэл хэвийн боовыг хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, агаарын солилцоо сайтай, нарны шууд тусгалаас хамгаалсан, агаарын харьцангуй чийгшил 75 хувиас ихгүй, 10-25 хэмийн темпаратуртай нөхцөлд хадгалах ёстой аж. Мөн “Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага” стандартыг хангасан агуулахад үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 21 хоног хүртэл хадгалах боломжтой гэнэ.
Харин нийлэг уут, хайрцагт битүүмжлэн савласан бүтээгдэхүүнийг 0-6 хэмийн температуртай хөргүүрт 45 хоног хүртэл хадгалж болно. Мөн хэвийн боовыг хөлдөөсөн тохиолдолд хасах 12 хэмээс дээшгүй температурт хөлдүү байдлаар гурван сар хүртэл хадгалах боломжтой аж. Хөлдөөсөн боовыг гэсгээх заавар, гэсгээсний дараах хадгалах нөхцөл, хугацааг бүтээгдэхүүний шошгонд тодорхой тусгах ёстой. Иймд үйлдвэрлэгчид Хэвийн боовны техникийн шаардлага MNS 0461:2022-ыг мөрдөх, иргэд хадгалалтын шаардлага, хугацааг сайтар нягтлахыг СХЗГ-аас зөвлөлөө.
Ч.Туяа