ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэмтэд БНСУ, БНХАУ-аас нийлүүлсэн урвалж бодисын тусламжтайгаар дотоодын хөрсний түүхий эдээс соронзон материал анх удаа гаргаж авчээ. Төслийн багийнхан онолын судалгаагаа БНСУ-д гүйцэтгэж, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн лабораторид туршилтын ажлаа амжилттай хийсэн байна. Энэ бүтээл нь газрын ховор элементээс ангижруулсан шинэ төрлийн соронзон материал гэдгээрээ онцлогтой юм. Соронзон шинж чанартай нано материалыг орчин үеийн анагаах ухааны салбарт хавдрын болон эмийн эмчилгээ, соронзон резонанс дүрслэлийн (MRI) оношилгоо, дезоксирибонуклейн хүчил (ДНХ) болон эсийн нарийвчилсан ялгах шинжилгээ зэрэгт өргөнөөр ашигладаг аж. Тиймээс эрдэмтдийн дараагийн зорилго нь уг материалыг хавдрын эсийг устгах эмчилгээний аргад нэвтрүүлэхэд чиглэж байна. Лабораторийн туршилтаар 300 мянган хавдрын эсийг таван өдрийн турш соронзон материалтай харилцан үйлчлэлд оруулахад 80 орчим хувь нь устаж үгүй болжээ. Хавдрын эс халуунд тэсвэргүй учраас ийнхүү үхжиж алга болдог бөгөөд энэхүү арга нь зардал багатай, үр дүн хурдан үзүүлэх давуу талтайг судлаачид онцолсон юм.
Э.Сүйлэн