Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал өнгөрсөн оны аравдугаар сард мөнх бусыг үзүүлсэн билээ. Үүнээс хойш тус аймаг Засаг даргагүй байсан юм. Тэгвэл аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж, түүний орны хүнийг тодруулахаар төлөвлөжээ. Увс аймгийн ИТХ нийт 39 төлөөлөгчтэй, үүнээс 19 нь МАН, үлдсэн нь АН-ын төлөөлөл байдаг. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргыг ИТХ-аас нэр дэвшүүлж сонгоно. Улмаар Ерөнхий сайд батламжилдаг. Одоогоор хэд хэдэн хүн уг албан тушаалд горилж буй аж. Увс аймгийн МАН-ын хорооноос Э.Насанбат, аймгийн ИТХ-ын гишүүн Д.Төмөр-Очир, мөн тус аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн нарыг төлөөлөгчид нь “сойхоор” төлөвлөжээ. Өнөөдөр болох ээлжит хуралдаанаар тэднээс олонхын санал авсан нь Засаг даргаар тодорно. Гэхдээ дээд шатны удирдлага болох Ерөнхий сайд баталгаажуулснаар эцсийн шийдвэрийг гаргах юм.