Дорнод аймгийнхан дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын мах, гурилын хэрэгцээг 100, сүү, сүүн бүтээгдэхүүний 73.5, төмсний 64.6, цагаан идээний 49.3, хүнсний ногооны 24.6, гурилан бүтээгдэхүүний 28.8 хувийг хангадаг аж. Тэгвэл саяхнаас өндөгний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг болжээ. Тахианы цөөнгүй аж ахуй байдгаас “Нутгийн тус”ынхны нийлүүлдэг “Дорнод өндөг” хамгийн эрэлттэй нь аж. 10 мянган өндөглөгч тахиатай тус ферм сүүлийн жилүүдэд шинэ үүлдрийн өндөр ашиг шимт тахиа нутагшуулан тэжээх болсон байна.
Аймгийн төвийн хүн амын хоногийн хэрэгцээнд дунджаар 2.5 тонн тахианы мах, 116 мянган ширхэг өндөг шаардлагатай бөгөөд Дорнодод 13 мянга орчим тэжээвэр шувуу бийг Хүнс, хөдөө аж ахуйн газраас нь мэдээлжээ. Түүнчлэн Дорноговь аймгийнхан ч энэ оноос өндөгний хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангадаг болсон гэнэ. Тэд “Атрын IV” аяны хүрээнд 500 сая төгрөгийн зээл авч шувууны аж ахуйгаа тордон, тэжээлийн үйлдвэр нэмж барьжээ.
М.Гэгээ