Италид энэ сарын 6-нд нээлтээ хийсэн өвлийн XXV олимпын наадмын шилдгүүд тодорсоор буй энэ өдрүүдэд Оросын тамирчдыг тойрсон дуулиан, шуугиан олны анхаарлыг татах бас нэгэн сэдэв болов. ОХУ-ын 13 тамирчин энэ наадамд төвийг сахисан статустай оролцож буй. Юуны түрүүнд өрсөлдөх эрх авахын тулд орос тамирчид Орос, Украины дайныг дэмжихгүй байх, Оросын тагнуулын алба болон армитай ямар ч холбоогүй гэдгээ нотлох шаардлагатай тулгарсан.
Энэ мэт сорилтыг даваад Италид хөл тавьсныхаа дараа, бүр тодруулбал анхны тэмцээнээсээ ердөө хоёр хоногийн өмнө ганцаар чилсан эрэгтэй гулгалтын тамирчин, өдгөө 23 настай Петр Гуменник том асуудалтай тулгарсан. Тэрбээр олимпын дебют хөтөлбөртөө “Үнэртэн. Нэгэн алуурчны түүх” (Perfume: The Story of a Murderer) киноны хөгжим ашигласан нь зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй гэсэн шалтгаанаар солихоос өөр аргагүй нөхцөл байдалтай тулгарчээ. Тэмцээн эхлэхээс хоёр өдрийн өмнө хүлээн авсан шаардлагын дагуу тэрбээр хөгжмөө сольж, энэ сарын 10-нд бэлтгэсэн хөтөлбөрөө толилуулав. Тэрбээр үзүүлбэрийнхээ үеэр алдаа гаргаж, долоон оноо алдаж, 86.72 гэсэн үнэлгээ авсан. Үүний дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Богино хөтөлбөрийн хөгжмийн зохиолчийн эрхийн асуудлаас болж би “Үнэртэн”ий оронд Эдгар Акобяны “Вальс 1805” хэмээх гайхалтай бүтээлийг сонгосон. Эрхэм хүмүүн Эдгарт гүнээ талархаж байна. Түүний сэтгэлийн аялгуу надад илүү боломж олгосон. Шинэ хөгжимтэй бэлтгэл хийхдээ дэглээчийн хэлснээр хэмнэлд тохируулан хөдөлгөөнүүдээ бага зэрэг “намдуухан” болгосон. Үсрэлттэй хэсгүүдэд бага зэрэг бэрхшээлтэй байсан ч би хичээсэн” гэж өгүүлсэн П.Гуменникийн талаар “BBC Sport”ын сэтгүүлчид “Олимпын наадамд оролцохыг зөвшөөрсөн боловч төвийг сахисан зарчмыг зөрчсөн гэж үзэх магадлалтай Оросын дөрвөн тамирчин байна. Тэдний нэг нь Петр Гуменник мөсний шоуны продюсер Илья Авербух (“Крымын спортын элч”-ийн үүрэг гүйцэтгэж, Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт болсон арга хэмжээнд оролцсон)-тай хамтран ажиллаж байсан” гэж бичсэн талаар Германы “Дойчвилл” мэдээлжээ. ВВС-гийн сэтгүүлчид мөн “Цанын төрөлд өрсөлдөх Савелий Коростелев нь хамтрагч Вероника Степановагийн “Инстаграм”-даа нийтэлсэн цэргийн дэмжлэгтэй контентыг дэмжиж байсан. Энэ төрөлд өрсөлдөх Дарья Непряева нь 2022 онд буюу Орос Украинд довтолсноос хэдэн сарын дараа эзлэгдсэн Крымд цанын бэлтгэлийн баазад зочилсон. Тэшүүрчин Ксения Коржовагийн хувьд гимнастикч Никита Нагорный (Украины эсрэг Оросын түрэмгийллийг дэмжсэн асуудлаар Украин, Канад, АНУ, Британи, Европын Холбооны хориг арга хэмжээнд орсон)-гийн бичлэгт сэтгэгдэл үлдээжээ. Наадмын нээлтийн ёслолд Украины Владислав Хераскевич “Эзлэгдсэн нутаг дэвсгэрт тэмцээнд бэлтгэх, эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дайныг дэмжих нь буруу. Ийм тамирчдыг төвийг сахисан гэж нэрлэх нь ч буруу” гэж мэдэгдсэн. ОУОХ BBC-д өгсөн ярилцлагадаа “Хороо хувь хүний хэргийн талаар тайлбар хийдэггүй” гэсэн байна” гэж бичжээ.
Өвлийн XXV олимпын наадам оросын тамирчдын хувьд Төрийн далбаа, дуулалгүйгээр өрсөлдөх тав дахь удаагийн тохиолдол юм.
Э.Хана