Барилга, зам тээвэр, дэд бүтцийн салбарт төмөр бетон хийц үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “УБ БҮК” компани 2025 оны санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани 36.2 тэрбум төгрөгийн орлого олсон нь 2024 оныхоос 16.6 хувиар буурсан дүн болжээ. Үүнд барилга, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт саарч, төслүүдийн хэрэгжилт удааширсан нь нөлөөлсөн гэнэ. Түүнчлэн борлуулалтын орлого буурсан ч удирдлагынх нь зардал 2.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэн, ашгийн хэмжээ ч мөн багассан гэнэ. Тодруулбал, 1.1 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон нь өмнөх жилийнхээс 70 гаруй хувиар буурсан дүн болсон байна. Ингэснээр нэгж хувьцаанд 8.4 төгрөгийн ашигтай ажиллажээ. Мөн дээрх компанийн өр 32.4 тэрбум төгрөгөөр өссөн аж.
Ташрамд дурдахад, “УБ БҮК” компанийг “Байшин үйлдвэрлэх компанит” нэрээр 1984 онд байгуулсан бөгөөд тухайн үед нийслэлийн болон Дархан-Уул, Орхон зэрэг төвийн бүсийн аймгийн бүтээн байгуулалтын 70 гаруй хувийнх нь бетон зуурмаг, төмөр хийцийг нийлүүлж байжээ.
С.Дулам