Монголын зохиолчдын эвлэл (МЗЭ)-ийн Удирдах зөвлөлийн хоёр дахь удаагийн хурал энэ сарын 13-нд болж, гүйцэтгэх захирлаа сонголоо. Энэ үеэр бодлогын чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд Удирдах зөвлөлийн 15 гишүүнээс 11 нь оролцжээ. Шинээр байгуулсан МЗЭ-ийн Удирдах зөвлөл анхны хурлаараа МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж, ажлын хэсэг байгуулсан. Сонгон шалгаруулалтад есөн хүн оролцох хүсэлт ирүүлснийг ажлын хэсэг шүүн хэлэлцээд, эхний шатанд хамгийн өндөр оноо авсан хоёр нэр дэвшигчийг Удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан байна.
Нэр дэвшигчидтэй Удирдах зөвлөлийн гишүүд цахимаар болон биечлэн уулзаж, ярилцсаны дараа нууц санал хураалт явуулж, Г.Сэр-Одын шагналт, яруу найрагч, зохиолч, орчуулагч Мө.Батбаяр хамгийн олон санал авснаар МЗЭ-ийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Түүний Үй Хуагийн “Амьдрахуй”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг орчуулгын бүтээлийг нь олон нийт андахгүй билээ. Тэрбээр уран бүтээлээ 2012 оноос эхлүүлсэн бөгөөд яруу найргийн “Намрын тэмдэгтүүд”, “Бүгд өөрийн гунигтай”, “Өртөөн дээр хэлэгддэг үгс”, “Мөнгөн Будда авсан өдөр” зэрэг ном хэвлүүлжээ. Мөн тэрбээр “Пагмадулам” уран сайхны киноны зохиолыг хамтран бичсэн байна. Шүлгүүд нь хятад, япон, испани, англи хэлнээ орчуулагдсан юм. Түүнтэй өрсөлдөж, аман хүзүүдсэн хүн бол сэтгүүлч, яруу найраг Э.Энхболд аж.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Нямдоржийн дэвшүүлсэн “Шинэчлэл” мөрийн хөтөлбөрт суурилсан “МЗЭ-ийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр” (2026-2030)-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан батлуулахыг шинэ захиралдаа даалгаснаар хурал өндөрлөжээ. Ташрамд, эл хөтөлбөрийн гол зорилго нь МЗЭ-ийг ор чин үеийн удирдлага, ил тод засаглал, тогтвортой үйл ажиллагаатай, гишүүдийн оролцоонд тулгуурласан, үндэсний уран зохиолыг дотооддоо хөгжүүлж, гадаадад сурталчлан танилцуулсан уран зохиолын байгууллага болгон шинэчлэхэд оршиж буй гэнэ.
Ч.Туяа