Колумбын зүүн хэсэгт орших Сабана де Богота хадан хавцал дахь хоргодох оромжоос илрүүлсэн, 5500 жилийн тэртээх хүний ясыг судлах явцад тэмбүүгийн үүсгэгчийн нотолгоо олджээ. Энэ бол бэлгийн замын халдварт өвч ний эмгэг төрүүлэгчийн хамгийн эртний буюу “өндөр настай” олдвор болохыг олон улсын судалгааны багийнхан онцлов. Трепонем паллид (treponema pallidum) буюу цайвар трепонем бактерийн генетикийг “үлдээсэн” эртний анчин эр 45-60 насных болохыг тогтоосон. Бэлгийн замаар халдах болон эхээс урагт дамждаг, хөдөлгөөнтэй, ороомог хэлбэрийн эл бичил биетээр үүсгэгддэг тэмбүү нь өнөө цагт ч хүн төрөлхтний дунд тархалт өндөртэй өвчин. Судалгаанд оролцсон Лозанны их сургуулийн эрдэмтэн Давиде Боззи “Энэхүү нээлтийг бактерийн хамгийн эртний үлдэгдэл гэх өгөгдөлтэй харьцуулахад 3000 гаруй жилийн өмнөх болохыг нотолсон нь мөн чухал ач холбогдолтой. Тэмбүү, үүнтэй холбоотой өвчин Америк тивд Европтой холбоо тогтоохоос хавьгүй эрт тархсан байсныг нотолсон нь чухал” гэжээ. Тэгвэл эмгэг төрүүлэгчийн генетикийн материал олдсон хүний ясанд тэмбүүгийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй нь трепонемын халдвараас үүдэлтэй гэмтлүүдээс шалтгаалсан байхыг үгүйсгэхгүйг эрдэмтэд тэмдэглэжээ. Ташрамд өгүүлэхэд, тэмбүүгийн үүслийн талаарх ойлголт цэгцрээгүй буюу маргаантай хэвээр. Нэг онолоор бол бэлгийн замаар дамжих халдвар нь МЭӨ 3000 оны үед Азийн баруун өмнөд хэсэгт үүссэн. Гэтэл шинэ нээлт нь уг өвчин хамаагүй эрт байсныг нотоллоо. Тэгвэл өөр нэг онолоор бол Х.Колумбын багийнхан 1493 онд тэмбүүг Америк тивээс Европ руу “зөөсөн” гэдэг.
Ж.Эрдэнэ