Цаг агаарын эрс тэс үзэгдэлтэй холбоотойгоор гол, нуурын толио болон мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлсээр буй билээ. Гэсэн ч иргэд цаг хожих, зам товчлох зорилгоор гол, нуурын мөсөн дээгүүр зорчиж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 24-нд Дорнод аймгийн Буйр нуурт “Приус-30” маркийн автомашинтай зор чиж явсан нэг гэр бүлийн зургаан хүн мөс цөмөрсний улмаас осолдов. Тэдний хоёр нь амьд гарч чадсан ч дөрөв нь эндсэн харамсалтай үйл явдал болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр автомашинд гурван том хүн, гурван хүүхэд зорчиж явсан бөгөөд тэд золголт хийгээд буцахдаа ийн осолдсон аж. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллаж байгаа ч өчигдрийн байдлаар усанд осолдсон дөрвөн иргэнийг эрэн хайсан хэвээр байв. Автомашин нуурын гүнд живсэн, дээрээс нь салхи, шуурганы улмаас шумбалтын багийнхан аврах ажиллагаа явуулахад хүндрэл үүсээд буйг мэдээлсэн. Албаныхан нуурын ёроол руу дрон илгээж, нөхцөл байдлыг тандахад автомашины хаалга хаалттай, цонх бүтэн, зорчигчид дотор нь байгаа, эсэх нь тодорхойгүй байжээ.
Ташрамд, улсын хэмжээн дэх гол, нууруудын мөсний дундаж зузаан 70-120 см, зарим нь өмнөх жилүүдийнхээс 10-20 см-ээр бага, цаашид бүр л нимгэрэх аюултай тул ард иргэдийг явганаар болон тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
О.Оргилох