Улсын сургуулиудын хичээл сургалт, хүүхдүүдийн сурлагын амжилт, чанар сүүлийн жилүүдэд огт өндийсөнгүй. Ёстой л шалаар нэг зулж байна. Арга ч үгүй биз дээ, Монголын боловсрол нохойд барьдаг мод болоод удаж буй хойно. Тэр дундаа ерөнхий боловсролоор хэн дуртай нь тоглож, хэдэн дарга сэтэртний эрх ашгийн үзүүрт эгэл ардын хүүхдүүд хохирч гүйцлээ. Сүүлдээ бүр амар сайхандаа жаргаж, ханиад, томуу дэгдлээ гэнгүүт хичээлээ цахим болгочихно. “Түгжирлээ” хэмээгээд түмэн арга зохиогоод сургуулиудаа цоожилчихдог болсон.
Өнгөрсөн намар л гэхэд хичээл эхлээд удаа ч үгүй байхад багш нар аравдугаар сард ажил хаяад, 40 гаруй хоног алга болцгоосон. Арваннэгдүгээр сарын дундуур ашгүй нэг хи чээл сургалт эхэллээ гэтэл шинэ жилийн өмнө сурагчдын өвлийн амралт залгаад, хүүхдүүд хоёр сар шахам гэдсээ илж хэвтэцгээв.
Ингээд дахиад 14 хоног хичээллэсэн болоод Цагаан сарын амралт таарч, өчигдөр, уржигдраас л багш, сурагчид нойрноосоо гэнэт сэрсэн аятай ном эрдэмдээ “шамдан”, жигдрэх тийшээ хандаж байх шиг.
Өөрөөр хэлбэл, 2025-2026 оны хичээлийн жил дуусахад хоёр, гуравхан сар үлдэж байхад шүү дээ. Зөвхөн Монголд л харж болох их амар амгалан байгаа биз. Энэ хичээлийн жилийг ч ингэсгээд шар нар, бор өдрүүдийг аргацаасаар дуусгах нь тодорхой.
ГАНЦ АРГА ХЭМЖЭЭНД ГАНХДАГ ТОГТОЛЦООТОЙ БАЙНА ГЭДЭГ ИЧГЭВТЭР
Тэгвэл ирэх хичээлийн жилээс байдал дээрдэх болов уу гэсэн олны хүлээлт рүү эрх баригчид дахиад л ус цацав. Номхон тэмээг ноолоход, ноорсон малыг зулгаахад амар гэгчээр нөгөө муу хэдэн сургууль, цэцэрлэгийнхээ ирэх хи чээлийн жилийн нээлтийг хойшлуулахаар дээр, дооргүй үхэн хатан тэмцэх боллоо. Тодруулбал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 1728-нд зохион байгуулна. Тухайн арга хэмжээ нь 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажилтай ид давхцаж буй учраас есдүгээр сарын 1-нийг хойшлуулах саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-наас гаргаад байгаа юм. Үүнийгээ дарга нар замын хөдөлгөөний ачааллыг зохицуулахын тулд хэмээн тайлбарлаж, сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр ярилцжээ.
Харин Боловсролын яам (БЯ)-ныхан энэ талаар бүлх залгисан мэт дуугүй байх аж. Олон улсын ганц арга хэмжээнд ганхдаг боловсролын тогтолцоотой байна гэдэг систем нь ямар ч тогтворгүй, эмзэг гэдгийг илчилж буй бэлээхэн жишээ энэ юм. Үүнийг нь лавлаж асуухад “Ирэх хичээлийн жилийг хойшлуулах тухай санал албан ёсоор манайд ирүүлээгүй. Албажаагүй, аман төдий хэлэлцээ” гэж БЯ-ныхан хариулна лээ. Ингэж олны хэл амыг намжааж байгаад намар нийтээр нь ар дагзаар нь савуулахаа харин ч сайн мэдэх байх аа, манай дарга нар. Гэнэтийн шийдвэр гаргаж, багш, сурагч, эцэг, эхчүүдийг хөлдөө чирэхдээ тун гаргууд хүмүүс шүү дээ.
БОУАӨЯ-ныхан ч ялгаагүй, COP17 гээд ухаан алга. “Есдүгээр сарын 1-нийг хойшлуулахын учир” гэсэн гарчигтай, агуулгатай нийтлэл албан ёсны цахим хуудсандаа байршуулж, харьяа газруудаараа “сэвүүлсэн” шигээ сууна. Хэдийгээр албажаагүй ч COP17-той холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн нээлт бараг хойшилж таарах биз. Уг арга хэмжээ нь улсад томоохон ач холбогдолтой, дипломат, эдийн засгийн үр өгөөжтэй ч нөгөө талдаа нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, хотын бэлтгэл, үйлчилгээний зохион байгуулалтад бодит сорилт үүсгэх нь тодорхой. Тиймээс л зохион байгуулагч орны хувьд бид анхнаасаа COP17-г түгжрэл багатай, хичээл сургуулийн бэлтгэлтэй давхцуулахгүйгээр хийж болох л байсан. Гэвч тэгж чадаагүйн горыг хүүхдүүд амсах болсон нь дэндүү шударга бус юм.
СУРГАЛТЫН ТАСРАЛТГҮЙ, ТОГТВОРТОЙ ОРЧИН ҮГҮЙ БОЛОВ
Олон нийтийн дунд маргаан дагуулаад буй, хичээлийн шинэ жилийг хойшлуулах тухай яриа нэгэнт сөхөгдсөнийх, нэг удаагийн арга хэмжээний төлөө ийм шийдвэр гаргах ер нь зөв юм уу. Эсвэл энэ боломжийг ашиглаад боловсролын тогтолцооныхоо үндсэн асуудлыг хөндөх ёстой юу гэдэг асуулт гарч ирнэ. Үнэн хэрэгтээ COP17 бол нэг л шалтаг. Цаана нь ерөнхий боловсролын сургалтын агуулга, чанар, тасралтгүй байдлыг алдагдуулж буй хамгийн том шалтгаан бол сурагчдын хэт олон, уртын амралтууд юм.
Сурагчид зуны гурван сар бараг бүтэн, тэгсэн мөртлөө намар, өвөл, хаврын улирал бүрд 7-14 хоног амарцгаадаг. Өвлийнх нь хоёр сар шахам үргэлжилдэг гээд бод доо. Үүн дээр өмнө нь дурдсанчлан ханиад, томуу зэрэг онцгой бус нөхцөл, шалтгаанаар танхимын сургалтыг зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн өдөр хоногуудыг нэмбэл утгаа алдана. Хичээлийн бүтэн жил ингэж тасалдаж, төлөвлөгөөний дагуу явагдалгүй, үр бүтээлгүй, сурсан мэдсэн зүйлгүй төгсдөг нь манайд жишиг болжээ. Энэ бүхний уршгаар багш нар хөтөлбөрөө шахсан болж, сурагчид ойлголтоо гүйцэд бататгахгүй хоцорч, үнэлгээ бодит чадварыг нь илэрхийлэхээ болиод удав. Хүүхдүүд ерөнхий боловсролын суурь мэдлэггүй, унших, зөв бичих, бодох чадваргүй төгсөх нь нэмэгдэж буйг их, дээд сургуулийн багш нар ч шүүмжлэх болсон.
OECD-оос зохион байгуулдаг PISA олон улсын шалгалтад монгол хүүхдүүдийн унших чадвар, математик, сэтгэн бодох, шинжлэх ухааны суурь үзүүлэлтүүд тогтмол доогуур үнэлэгдсээр байна. Үүнийг ерөнхий боловсролын сурах бичиг, хөтөлбөрийн агуулга, чанартай холбон тайлбарлахаас илүүтэй сургалтын үргэлжилсэн, тасралтгүй орчин дутагдаж байгааг харуулдаг. Хүүхэд мэдлэгийг давтамжтай, тогтвортой ор чинд эзэмшдэг. Энэ нь олон дахин тасалдах тусам мартаж санах нь нэмэгдэж, сэргээн заахад цаг алдаж, шинэ агуулга гүнзгийрэх боломж багасдаг. Үүнтэй багш нар ч санал нийлж байна.
ЕСДҮГЭЭР САРЫН 1-НИЙГ ХОЙШЛУУЛАХ БУС, УРАГШЛУУЛЪЯ
Техник, технологийн ачаар бөмбөрцөг улам л “хавтгайрч” буй өнөө үед бид ч бусдаас будаа идэх цаг хэдийн болсон билээ. Дэлхийд боловсролын чанараараа тэргүүлдэг олон улс оронд зуны гурван сарын урт амралтын тогтолцоог аль эрт халсан. Финландын ерөнхий боловсролын сургуулиудад хичээлийн жилийн дунд урт амралт бараг байдаггүй. Зуных нь ихдээ хоёр сар үргэлжилдэг ч улирлын амралтууд богино, сургалтын хөтөлбөр шахуу бус, тасралтгүй байдлаа хадгалдаг. Энэ нь сураг чид амарсан хугацаагаа нөхөх, мэдлэгээ бататгахад цаг алдахгүй байх давуу талтай. Тус улсын боловсролын чанар, амжилтын нууц нь сургалтын тогтвортой хэмнэл гэж судлаачид онцолдог юм билээ. Тэгвэл Сингапурын хичээл сургалт жилийн дөрвөн улирлын зохион байгуулалттай. Улирал хоорондынх нь амралт ихэвчлэн 1-2, жилийн төгсөлтийнх нь 5-6 долоо хоног аж. Сурагчдын математик, шинжлэх ухааны ур чадвар, амжилт дэлхийд тэргүүлэх болсон нь сургалтын эл хэмнэл, чанартай нь шууд холбоотой гэдэг.
Япон Улс ч хатуу сахилга, богино завсарлагатай. Зуны амралт нь 5-6, өвлийнх нь хоёр долоо хоногоос хэтэрдэггүй гэнэ. Байгалийн гамшиг, зайлшгүйгээс бусад шалтгаанаар хичээл тасалдах нь ховор. Тиймдээ ч хүүхдүүдийн бие даан суралцах чадвар өндөр, даалгавар амралтын хугацаанд ч үргэлжилдэг учраас хоцрогдол бага, суурь чадвар сайтай. Өмнөд Солонгост мөн л уртын амралт гэж үгүй, хавар хичээлийн жилийн төгсөлтийн дараа хэд хоног амраад, хүүхдүүд үргэлжлүүлээд сургуульдаа явдаг. Сургалтын эрчим өндөр, бие даан сургах арга барилыг чухалчилж, идэвхтэй явуулдаг. Тасралтгүй суралцах эл соёл нь улсынхаа боловсролын өрсөлдөх чадварыг дэлхийд нэмэгдүүлсэн.
Энэ мэтчилэн дэлхийн улс орнууд бүсээ чангалаад, бүхнээс илүү боловсролдоо л анхаарч, хөрөнгө “хаясан” хэвээрээ. Харин манайд боловсролын тогтсон систем ч гэж алга. Бүх хөтөлбөр, төлөвлөгөө, амралт нь, танхим, цахим хичээл нь ч сайд, дарга нарын өнгө үзэмж, тэдний “шидэт дохиур”-аар нааш цааш болж, хаагдаж түгжигддэг нь даанч хөөрхийлөлтэй. Энэ бүхэн эцэстээ хүүхдүүдийн амьдралын чанар, хэмнэлийг алдагдуулаад зогсохгүй дэлгэцийн хэт хамааралд өртөх, нийгмийн харилцаагүй болох, суралцах урам зоригийг хугалдаг үндсэн шалтгаан болсоор буй юм.
Тиймээс хичээлийн шинэ жилийг хойшлуулах бус, харин ч урагшлуулах хэрэгтэй. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, хичээл сургалтыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлэхэд болохгүй гэх шалтгаан бараг байхгүй. Харин ч хэд хэдэн бодит давуу талтайг судлаачид хэлдэг. Ингэснээр өвлийн урт амралтыг богиносгох, томууны улирлыг хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ гэдэг. Учир нь дулааны улиралд хүүхдүүдийн сурах идэвх өндөр, гадаад орчны сургалт, спортын арга хэмжээ, аливаа туршилт, дадлага хийх зэрэг нь нэмэгдэнэ. Цаашлаад хичээлийн жилийн ачаалал жигдэрч, багш нар хөтөлбөрөө шахах шаардлага гарахгүй.
Өөрөөр хэлбэл, амралтыг бүр мөсөн цуцлах биш, улирлын богино, чанартай амралттай болгож, бие даан суралцах арга, хэлбэр лүү шилжихгүй бол горьгүй нь. Олон улсын хөдөлмөрийн зах зээл илүү өндөр ур чадвар шаардаж буй өнөө үед “амар сайхандаа жаргасан” сургалтын тогтолцоотойгоо бид хол явахгүй. Хүүхдүүд амрах эрхтэй ч илүү сайн боловсрол эзэмших нь түүнээс ч чухал юм.