Монголын эрчим хүчний компаниуд 2024 онд 100 гаруй тэрбум төгрөгийн татаас улсаас авсан ч 130 тэрбум орчим төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Тэгвэл 2025 онд ч төрийн өмчийн эрчим хүчний компаниудын алдагдал нэмэгдэж, 190 орчим тэрбум төгрөг болохоор байгааг “Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх захирал Г.Амартүвшин мэдээллээ. Өнгөрсөн онд цахилгааны үнийг нэмсэн ч алдагдал буураагүйн дээр эрчим хүчний компаниудын өр төлбөр дунджаар 68 хувиар өсөж, бүтэц, орон тоо нь нэмэгдсэн шигээ үр ашиг, үнэ цэн нь өсөхгүй байгааг тэрбээр тодотгожээ.
Төрийн өмчит компаниудын алдагдлыг бууруулахын тулд тарифыг өртөгт ойртуулахаас гадна зардлын менежмент хийх, шаардлагагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулах, засаглалыг сайжруулж, бүтцийн инженерчлэл хийхэд голлон анхаарч байгаа аж. Ялангуяа эрчим хүчний компаниудын гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-д нь мэргэжлийн бус хүмүүс томилдог, улс төрийн нөлөө, шахаа их байдгийг судлаачид олон жил шүүмжилсээр ирсэн. Иймд төрийн өмчийн компаниудын реформыг ТУЗ-өөс нь эхлүүлж, мэргэжлийн, хараат бус гишүүдийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй гэнэ.
Л.Ням