Амьтны тухай хуульд заасны дагуу аймаг, сумуудын Байгаль орчны газрууд бүс нутгийн хэмжээнд зэрлэг амьтдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хамгаалах, тоо толгойг нь тогтвортой хадгалах, идэш, тэжээлийн хомсдолоос урьдчилан сэргийлэх биотехникийн арга хэмжээг өвлийн турш зохион байгуулж байна. Тухайлбал, Завхан аймгийн байгаль хамгаалагчид Баянхайрхан, Яруу, Алдархаан сумын ой модтой, цас ихтэй бүс нутгуудын зэрлэг амьтдын өвөлжилтийн нөхцөлийг сайжруулахаар 100 боодол өвс, 700 кг хужир байршуулаад буй бол Баян-Өлгий аймгийнхан ч мөн он гарснаас хойш 100 гаруй сая төгрөгөөр биотехникийн арга хэмжээ авчээ. Ингэхдээ сумуудын ЗДТГ, иргэд, хувийн хэвшлийнхэнтэй хамтран зэрлэг амьтдад эрдэс, тэжээл түлхүү байршуулж буй аж.
Зэрлэг амьтдад өвс, хужир байршуулах дээрх ажлыг байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос болон менежмент хариуцагч компаниуд санхүүжүүлж иржээ. Өнгөрсөн зун манай орны ихэнх нутгаар бороо хур муутай, гандуу байснаас үүдэн зүлэг ногоо тааруу ургаж, малд төдийгүй өвсөн тэжээлт амьтдад ч хүнд туссаныг байгаль хамгаалагчид онцоллоо.
О.Бат