Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг хамгаалах өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Мазаалай нь зөвхөн Монгол орны хэт гандуу, цөлийн бүсэд тархацтай, хамгийн халуун, хатуу ширүүн, хуурай уур амьсгалтай орчинд дасан зохицсон хүрэн баавгайн дэд зүйл юм. Дэлхийн байгаль хамгаалах холбооны (IUCN) Улаан дансанд “устаж байгаа” ангилалд бүртгэгдсэн. Энэ ангилалд орсон бол байгальд устах эрсдэлд байгааг илтгэдэг.
Өнгөрсөн онд манай улс байгаль орчны лабораторид генетикийн нарийн судалгааны тоног төхөөрөмжтэй болсон. Үүний үр дүнд энэ онд мазаалайн генетикийн иж бүрэн судалгааг анх удаа Монголдоо эхлүүлжээ. Өмнө нь БНХАУ-ын техникийн туслалцааны хүрээнд хийсэн судалгаагаар 50 орчим бодгаль байна гэсэн үр дүн гарсан юм. Харин энэ удаагийн судалгаагаар популяцийн бодит тоо, хүйсийн харьцаа, насны бүтэц, өсөлтийн эрчим, ирээдүйн өсөлтийн боломж зэргийг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан тогтоох гэнэ. Энэ нь зөвхөн хамгааллын ажил биш шинжлэх ухааны үнэ цэнийг бий болгох үндэсний хэмжээний алхам гэдгийг судлаачид онцлов.
Мөн мазаалай баавгайг хамгаалах өдрийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран олон нийтэд зориулсан танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулж байна.
Тодруулбал, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд энэ сарын 6 хүртэл мазаалай баавгайн гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, видео танилцуулга, судалгааны үр дүн, мэдээлэл танилцуулах, хүүхэд залуучуудад зориулсан танин мэдэхүйн хөгжөөнт тоглоом, хөтөлбөр зэрэг олон талт үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.
Ч.Цэлмэг