Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн, БНМАУ-ын Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд өчигдөр олны хүртээл болголоо.
Эл үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт буй Ерөнхий сайд А.Амарын хэрэглэж байсан эд өлгийн зүйлс болон Архивын ерөнхий газарт хадгалдаг 50 орчим баримт бичиг, түүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийг нийтэд толилуулж буйгаараа онцлогтой. Мөн Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив, Булган аймгийн музейн сан хөмрөг, ШУАийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалж буй ном, бүтээлийн дээжээс дэлгэн үзүүлж буй бөгөөд тус үзэсгэлэнг энэ сарын 15-ныг хүртэл олны хүртээл болгох аж.
А.Амар нь 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат сумд Агданбуугийн хөвгүүн болон мэндэлжээ. Тэрбээр 1924-1926 онд Аж ахуйн, 1926-1928 онд Дотоод явдлын яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгч дийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, XX зууны Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн юм.
Э.Сондор