Төв аймгийн Баянжаргалан сумд өнгөрсөн оны сүүлчээр малын гоц халдварт шүлхий өвчин гарсан нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан билээ. Үүний дагуу аймаг, сумын холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, хорио цээрийн дэглэм тогтоосны үр дүнд халдварын голомтыг хумьж чадсан байдаг. Тэгвэл он гарснаас хойш Төв аймагт дахин шүлхий өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр оношийг баталгаажуулаад байна.
Энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газрынхнаас тодруулахад “Төв аймгийн Сэргэлэн сумын малчин өрхийн хонин сүргээс шүлхий өвчин илэрсэн. Тандалт, судалгааны дагуу халдварын голомтын радиус дахь 12 өрхийг тусгаарлан, хязгаарласан бүс нутагт энэ сарын 2-ноос хорио цээрийн дэглэм тогтоох тухай сум, багийн Засаг даргын захирамж гарч, орох, гарах хөдөлгөөнийг хаасан. Өнгөрсөн жил улсын хэмжээнд бог малын шүлхий нэг өрхийн хотонд л бүртгэгдсэн, өөр гараагүй. Энэ удаагийн хорио цээрийн дэглэмийн хүрээнд аймаг, сумын мал эмнэлгийн анхан шатны нэгж болон онцгой байдлын албаныхан шуурхай арга хэмжээ авч, голомтот болон эрсдэлтэй бүсээс ямар ч тохиолдолд мал, малын гаралтай бүтээгдэхүүн гаргахыг хатуу хориглосон. Мөн бог малаас бодыг тусгаарлах арга хэмжээ авч байна. Одоогоор шүлхийн сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй” гэсэн юм. Манай улс малын гоц болон халдварт таван төрлийн өвчний эсрэг вакцинд бод, богоо хамруулдаг. Хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах, шүлхий, боом нь олон улсын хорио цээрт өвчний ангилалд багтдаг тул эдгээр өвчин дэгдвэл гадаад харилцаа, тэр дундаа мал, махны экспортод хориг тавигддаг билээ. Хэдийгээр шүлхий өвчний вакциныг жилд хоёр удаа товлолын дагуу хийх ёстой ч бүх малыг хамруулах боломж нөөц, төсөв мөнгө хомс хэвээр байгааг албаныхан хэлсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд шүлхийн вакциныг бог малд огт хийгээгүй гэв.
О.Оргилох