Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)-ын Хойд Киву мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас Рубая хэмээх колтан (хүдэр)-ы уурхайд хөрсний нуралт үүсэж, 200 гаруй хүн амиа алдсан тухай тус улсын Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээллээ. Технологийн салбарын “хар алт” гэгдэх колтаны дэлхийн нийт нөөцийн 15 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг Рубая уурхай нь стратегийн өндөр ач холбогдолтойд тооцогддог. Хүдрийг боловсруулан халуунд тэсвэртэй тантал металлыг гарган авдаг бөгөөд энэхүү түүхий эдийг гар утас, компьютер, сансар огторгуйн төхөөрөмжийн эд анги болон хийн турбин үйлдвэрлэхэд голчлон ашигладаг байна.
Тус уурхай 2024 оноос хойш босогчдын бүлэглэлийн хяналтад байгаа хэдий ч БНАКУ-ын Засгийн газар ашигт малтмалын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д санал болгож буй стратегийн ордуудын жагсаалтад саяхан багтаасан юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн засаг захиргаанаас аврах ажиллагааг эрчимжүүлсэн ч цаг агаарын тогтворгүй үзэгдэл эрэн хайх ажилд саад учруулсаар буй гэнэ. Ташрамд дурдахад, Рубая уурхайд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр мөн ийм осол гарч, 200 гаруй ажилтан амиа алдсан юм.
Э.Сүйлэн