УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу чуулганы завсарлагааныг тун бү тээлч өнгөрүүлж, намтар номоо бичжээ. “Хугархай эрүүний шөл” хэмээх өвөрмөц нэртэй энэхүү номынхоо нээлтийг тэрбээр өчигдөр УИХын хаврын чуулгантай зэрэгцүүлэн “Улаанбаатар галарей”-д хийсэн юм. Чуулган завсарламагц тэрбээр хотоос зайдуу, зусланд байрлан 20 хоногийн турш ажилласан байна. Ном бичих үйл явц нь хэрхэн өрнөж, үргэлжилснийг түүний юүтүб хуудаснаас үзэж болно. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй, өдөр тутмын “Зууны мэдээ” сониноос ажлын гараагаа эхэлсэн нэгэн. Тиймээс өөрийнхөө амьдрал, түүхийг ийнхүү бичиж үлдээхээр шийджээ. Түүний номын редактороор Төрийн шагналт зохиолч, нийтлэлч, сэтгүүлч Б.Цэнддоо ажилласан байна. Мөн “Непко” компани дизайн, хэвлэлт зэргийг хариуцсан аж. Туршилтын хэвлэлийн дараа гишүүний номын хавтастай холбоотой маргаан нийгмийн сүлжээнд гарсан юм. Учир нь номын хавтас нь 2008 оны олон улсын кино фестивалийн постерыг хуулсан байв. Энэ талаар тэрбээр “Миний номын хавтас, дизайн, хэвлэлт гээд бүх зүйлийг “Непко” компани хариуцсан. Гэхдээ би өөр нэг компаниар хавтсаа хийлгэхээр хандсан юм. Тэдний өгсөн зураг нь өөрсдөө хийсэн биш, хуулсан постер байжээ. Өөрөө сайн хянаагүй учраас энэ бол миний алдаа” гэжээ. Ингээд “Непко” компанийн хийж өгсөн хавтасны зургийг сонгон номоо хэвлэсэн юм билээ. Мөн номынхоо аудио хувилбарыг өөрөө уншсан гэнэ. Эл аудио хувилбар нь өчигдөр мөн “М book” дээр нээлтээ хийсэн байна.
С.Уул