Аюулт үзэгдэл, осол энэ оны эхний хоёр сард 774 удаа бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 65 тохиолдол буюу 9.2 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, 2025 оны нэг, хоёрдугаар сард аюулт үэзэгдэл ослын 709 тохиолдол бүртгэгдэж, 28 хүн нас барсан бол энэ оны эхний хоёр сард 774-т хүрч, 50 иргэн амиа алдсан байна. Үүний 97.3 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой, 1.8 хувийг геологийн, 0.8 хувийг биологийн, 0.1 хувийг ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл эзэлж буй юм. Өөрөөр хэлбэл, хүний үйл ажиллагаатай холбоотой ослын ихэнх буюу 619 нь объектын түймэр байна. Мөн энэ хоёр сард 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 10 бүртгэгджээ.
Жил ирэх бүр аюулт үзэгдэл, ослын тоо нэмэгдэж, үүний улмаас олон хүн амиа алдаж, хохирлын хэмжээ ихсэж буйг статистикаас харж болно. Тухайлбал, улсын хэмжээнд 2023 онд аюулт үзэгдэл, осол 4484 удаа гарч, 320 хүн нас барж, 53 тэрбум төгрөгийн хохирол учирсан бол 2024 онд 5118 тохиолдол бүртгэгдэж, 336 хүн амиа алдан, 41 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд энэ тоо нэмэгдэж, аюулт үзэгдэл, осол 5371 гарч, 306 хүн эндэж, 634 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Ч.Туяа