Нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-наас эхлэн зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 210 гаруй адуу хашаалж, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах зэргээр зохих арга хэмжээ авчээ. Энэ талаар нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Шатарбал “Нийслэлийн ИТХ-ын 2024 оны есдүгээр тогтоол, Засаг даргын 2025 оны А/1589 дүгээр захирамжийн дагуу Цагдаагийн удирдах газар Сонгинохайрхан, Баянголыг, Мал эмнэлгийн газар Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай хамтарч Хан-Уул, Баянзүрхийг, манайх Байгаль орчны газартай нийлж зуслангийн бүсүүдийг хариуцан хориглосон бүсээс мал гаргах ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд Баянзүрх, Хан-Уул дүүргийн хориглосон бүсэд адуу, мал байхгүй, Сонгинохайрханд цөөн тооны үлдсэн. Энэхүү кампанит ажлыг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалт сүйдэхээс, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, зам, тээврийн осол гарах нөхцөлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлдэг” гэв.
О.Оргилох