“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт Монгол Улсын 21 аймаг есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 11-12 дугаар ангийн 126 сурагч сонгогдон оролцож байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчид парламентын боловсрол, хүний эрх, аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэг, ойлголт олгож, багаар ажиллах ур чадвар, нөлөөллийн ажлын дадлага, туршлагатай болох юм. “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт оролцогч гишүүдэд хууль тогтоох үйл явцын үе шат, хэлэлцүүлэг, санал хураалтын үйл ажиллагааг бодитоор туршуулах зорилгоор “Загвар чуулган”-ы хуралдааныг баасан гарагт зохион байгуулжээ. Үүнд танхимаар 70, цахимаар 56 гишүүн оролцсон байна.
Өсвөрийн парламентчид “Усны нөөцийн судалгаа, хамгаалал, нэгдсэн менежментийн асуудал”, “Ус ба тэгш эрх”, “Сургуулийн орчин дахь усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй” сэдвээр мэдээлэл сонсож, асуулт асуун, байр сууриа илэрхийллээ. Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг учраас үүний хүрээнд усны асуудлыг хөнджээ. “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн хүрээнд нийт гурван удаа загвар чуулган зохион байгуулах бөгөөд чуулган тус бүрээс гарах санал, зөвлөмжийг нэгтгэн, УИХ-ын холбогдох байнгын хороодод уламжилна.
С.Уул