Улаанбаатар хотод эзэнтэй 41 мянга гаруй нохой, 3700 орчим муур байна гэсэн судалгааг Нийслэлийн статистикийн газраас гаргажээ. Харин эзэнгүй 160 гаруй мянган нохой, муур бий гэнэ. Амьтны эрхийг хамгаалах, хариуцлагатай эзэн байхыг уриалж, нийслэлээс өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн XIII хороонд “Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байр”-ыг ашиглалтад оруулсан юм. Тус байрны үйл ажиллагаатай Улаанбаатар зам засвар, арчлалтын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Мөнхжаргал болон холбогдох хүмүүс өчигдөр танилцжээ. Б.Мөнхжаргал “Гэр хорооллын айл өрхүүд хашаандаа тэжээж буй нохой, муураа үржил хаах мэс ажилбарт оруулдаггүй. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор 2024 онд 2800, 2025 онд 1305 айлын газар чөлөөлсөн. Харин энэ онд 8000 гаруй өрхийн газар чөлөөлнө. Эдгээр айл нүүхдээ тэжээвэр амьтдаа хаяж явдаг зэрэг шалтгаанаас болж эзэнгүй нохой, муурын тоо жилээс жилд өсөж байна” гэв.
Эзэнгүй нохой, муур түр асран хамгаалах байранд одоогоор 120 гаруй нохой, 20 орчим муур байна. Тэдгээр амьтныг эмчийн үзлэгт оруулж, 62 нохой, муурыг үржил хаах мэс ажилбарт хамруулсан гэнэ. Нохой, муураа тэжээх боломжгүй тохиолдолд тухайн амьтнаа түр асрах эл байранд шилжүүлэх, үрчлүүлэхийг тэрбээр уриалав. Түүнчлэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр мэргэжлийн анчидтай хамтран зуслангийн бүс дэх зэрлэгшсэн нохдын тоог цөөлөхөөс өөр аргагүй байдгийг албаныхан хэлсэн юм.
Сонирхуулахад, манай улс 2023 онд Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль баталж, 2024 оны нэгдүгээр сараас мөрдөж эхэлсэн. Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асрах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад уг хуулийн зорилго оршиж буй. Өөрөөр хэлбэл, гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр асрагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон бөгөөд хууль зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаар тусгажээ.
Ч.Цэлмэг