Хог хаягдлыг ангилан ялгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хүүхдүүдэд зөв дадал төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах, худалдааны төв болон үзвэр үйлчилгээний газруудад байршуулж эхэлжээ. Нийт 200 хогийн сав байршуулахаас одоогоор 76-г нь суурилуулсан байна.Тодруулбал, 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулжээ. Мөн үзвэр, үйлчилгээний 10 гаруй байгууллагад суурилуулсан аж.
Энэ нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшил бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой аж. Ногоон оноо цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулахад хувь нэмэр болох гэнэ. Өөрөөр хэлбэл, хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь “Хотула” аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо цуглуулж, үүгээрээ худалдан авалт хийх боломжтой аж. Сонирхуулахад, ухаалаг хогийн сав нь хиймэл оюунд суурилсан тул лааз, хуванцар, цаас, металл зэргийг автоматаар ангилан ялгадаг юм байна.
Ч.Цэлмэг