Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг, стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүллээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгалийн өв сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран энэхүү ажлыг эхлүүлж буй талаараа өчигдөр мэдээлэв. Ингэснээр манай улс байгаль хамгааллын чиглэлээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний урт болон дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг сайжруулахын зэрэгцээ тусгай хамгаалалттай газар нутгийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах юм байна. Үүнийг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон “Equilibrium research center” олон улсын судалгааны байгууллага, Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж буй аж. Тухайлбал, тусгай хамгаалалттай газар нутгийн өнөөгийн суурь нөхцөл байдлыг үнэлэх, одоогийн ангиллыг Олон улсын байгаль хамгаалах холбооныхтой харьцуулан судлах зэрэг үндсэн төлөвлөгөө гаргасан байна.
БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг “Энэхүү замын зураг нь зөвхөн баримт бичиг бус, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй болгох стратегийн чухал алхам юм. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд энэхүү санаачилгыг эхлүүлсэн” гэв.
Ч.Цэлмэг