Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын олонх нь өнөөдрийг хүртэл жишиг гал тогоогүй, байгааг нь зохицуулж, журамладаг нэг ч стандартгүй явж ирсэн. Боловсролын яамнаас ч сургуулиудын 50 гаруй хувь нь стандартын шаардлага хангахгүй гал тогоотой буюу зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буйг судалсан байдаг. Харин сүүлийн 3-4 жилд салбарын холбогдох хуульд өөрчлөлт оруулан, түүний дагуу мөрдөх стандарттай болсноор ерөнхий боловсролын сургуулиудыг жишиг гал тогоотой болгох санал санаачилгууд гарч, цөөнгүй төсөл, хөтөлбөр ч хэрэгжүүлж эхэлсэн юм. Тэдгээрийн нэг нь БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчныг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх” төсөл юм. Үүний хүрээнд хоёр том зорилтыг дэвшүүлэн ажилласан бөгөөд эхнийх нь, ШУТИС-ийг түшиглэн Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төв байгуулж, хоол зүйч нарыг мэргэшүүлэх, ажилчдыг чадавхжуулахаар болсон нь биеллээ олсон. Харин дараагийнх нь дүүрэг бүрээс нэг сургууль сонгон, стандартын шаардлагад нийцсэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин нөхцөлтэй жишиг гал тогоотой болгохоор ажилласан юм.
Тэгвэл энэхүү төслийн үр дүнд нийслэлийн ерөнхий боловсролын ес, 40, 48 дугаар сургууль стандартын шаардлага хангасан, аюулгүй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг гал тогоотой болж, өчигдөр нээлтээ хийлээ.
Ингэснээр эдгээр сургуулийн бага ангийн 5000 гаруй сурагч эрүүл, шим тэжээллэг хоол, хүнсээр хангагдах боломж бүрдэв. Цаашлаад сурагч, эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилчид, хүнс ханган нийлүүлэгчид, хоолны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд хүртэл шим тэжээлийн боловсрол олгоход жишиг гал тогооны орчин нөхцөл, стандарт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг албаныхан онцолсон. Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ сайжирснаар хүүхдийн өсөлт хөгжил, дархлааг дэмжээд зогсохгүй сурлагын амжилтад ч эерэг нөлөө үзүүлэх сайн талтай.
Сонирхуулахад, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.2-т зааснаар сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, 2024 онд батлуулан өдгөө бүх сургуульд мөрдөж байна.
О.Ундрах