Зэвсэгт хүчний дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд гэмтэл авч, ухаан санаа нь орон, гаран эмнэлэгт байна гэх агуулгатай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тэгвэл болсон үйл явдлын талаар Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-аас өчигдөр мэдээлэл өгөв. Тус штабын Барилга инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм “Гуравдугаар сарын 22-ны 17.00 цагийн үед Баянхонгор аймагт байрладаг манай Барилга инженерийн цэргийн штабын харьяа ангид бие биедээ захирагдахгүй буюу хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо харьцааны зөрчил гаргасан. Үүнээс болж нэг цэрэг гэмтсэн. Хэрэг гарсны маргааш нь Цэргийн төв эмнэлэгт авчирсан. Анхны тусламж үзүүлэхдээ шархыг нь эвгүй оёсон байсан учир хотод авчирч косметик оёдол тавиулсан. Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байна” гэв.
Эл хэргийн улмаас ЗХЖШ-аас албаны шалгалтын бүрэлдэхүүн газар дээр нь очиж ажиллажээ. Хугацаат цэргийн хооронд гарсан асуудал, ахлагч, офицер оролцоогүйг хурлын үеэр мэдээлэв. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан холбогдох албан тушаалтнуудад цэргийн дүрмийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авахыг мөн дурдав. Хугацаат цэргийн хоёр алба хаагч нэг нутгийнх бөгөөд найзууд байжээ.
Ч.Туяа