Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний 10-15 хүртэлх насныхны УАШТ болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубийн нийт 498 тамирчин оролцоход багийн дүнгээр Увс аймгийнхан тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговийн баг удаах байруудад шалгарав.
Дархан аварга Д.Цэрэнтогтох нь 1972 онд Улсын баяр наадмаар зургаа давж улсын начин, 1977 онд улсын заан, 1978 онд улсын арслан, 1979 онд улсын аварга, 1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга цол хүртсэн юм. Мөн 1983, 1984 оны наадамд түрүүлж, тавантаа үзүүрлэсэн энгүй хүчтэн байлаа. Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор “Москва-1980” зуны олимпын наадамд шагналт V байр эзэлж, “Тегеран-1974” Азийн зуны спортын наадмаас алт, “Шинэ Дели1982” наадмаас мөнгөн медальтай ирж байв. Түүний нэрэмжит барилдаанд 10 насныхны ангилалд Баянгол дүүргээс оролцсон М.Онон, 11 насныхад “Ирээдүйн аварга” клубийн А.Билгүүнтамир, 12 насныхад Булган аймгийн М.Энхманлай, 13 насныхад Өвөрхангайн Н.Түвшинсайхан, 14 насныхад Увсын Г.Баттогтох, 15 насныхад Сэлэнгийн Н.Эрхэмбаяр түрүүллээ.