Узбекистан улсад жил бүр болдог олон улсын засмал замын дугуйн “Tour of Bostonliq” тэмцээнд Монголын тамирчид өөрийн харьяалагддаг багийн бүрэлдэхүүнтэй оролцсон. Олон улсын дугуйн холбооны 2.2 ангилалд багтдаг эл уралдаанд Ази болон Европын орнуудын мэргэжлийн багаас элит ангиллын тамирчид өрсөлддөг. Хоёр үе шаттай, 308.8 км зайд болсон тэмцээний эхний шатны уралдаан 146, дараагийнх нь Ташкент хотын чиглэлд 162.8 км-т уулархаг болон хосолмол бүхий замд болжээ. Энэ нь тамирчдаас хурд, тактик, тэсвэр хатуужлыг маш их сорьжээ.
Манай улсын шигшээ багийнхнаас Тайланд улсын “Roojai insurance winspace” багт легионероор уралддаг олон улсын хэмжээний мастер (ОУХМ) Б.Тэгшбаяр нийлбэр дүнгээр 10, Б.Марал-Эрдэнэ 14, Х.Тэмүүлэн 24 дүгээр байрт орсон байна. Тэгвэл Киргизстаны “Lokomotiv manas” багийнхантай нэгдсэн Д.Халиунболд 60, И.Билгүүн 67 дугаар байрт тус тус шалгарсан аж. Багийн нийлбэр дүнгээр Тайландын “Roojai insurance winspace”-ын дугуйчид хүрэл медаль гардав. “Tour of Bostonliq” тэмцээн нь Олон улсын дугуйн холбооны 2026 онд зохион байгуулахаар төлөвлөсөн томоохон тэмцээний нэг. Тус тэмцээнд оролцсон залуу болон мэргэжлийн тамирчдад энэ нь чансаагаа ахиулах, ур чадвараа сайжруулан, туршлага хуримтлуулах чухал уралдаан юм.