Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)- ийнхэн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын бүтээмж, гүйцэтгэл болон сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор “Mindfulness” буюу санамсрын бясалгалын найман долоо хоногийн сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Оксфордын их сургуулийн арга зүйд суурилсан энэхүү хөтөлбөр нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд ажлын ачаалал, стрессээ зөв удирдах, сэтгэл хөдлөлөө танин мэдэх, бодол төвлөрлөө хянах, харилцааны ур чадвараа хөгжүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой. Мөн өөртөө итгэх итгэл, тэвчээр, сахилга бат, тууштай байдлыг төлөвшүүлэх замаар ажлын орчны эерэг хандлагыг нэмэгдүүлнэ гэдгийг УГТЭ-ийнхэн хэллээ.
Хөтөлбөрийн агуулга нь орчин үеийн сэтгэл болон мэдрэл судлалын шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан бөгөөд оролцогчдыг тухайн агшинд төвлөрөх, сэтгэл хөдлөлөө зохицуулах, дотоод анхаарлаа хөгжүүлэх практик арга техникүүдэд сургадаг гэнэ. Түүнчлэн эмч, ажилтнуудыг ажлаас халшрах хам шинж, мэргэжлээс шалтгаалсан сэтгэл гутрал зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх давуу талтай.
О.Ундрах