Монгол Улсад иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан суурь эрхийн нэг билээ. Гэвч бодит нөхцөлд нийтээр эл эрхээ ижил тэгш, чанартай, хүртээмжтэй байдлаар эдэлж чадахгүй байна. Эдүгээ ч бид эмнэлгийн тусламж авахын тулд олон хоног, сараар хүлээж, эмнэлгээс эмнэлэг дамжин, шаардлагатай эмчилгээ, шинжилгээндээ цаг тухайд нь хамрагдаж дөнгөхгүй, сүүлдээ бүр төлбөрөө төлөөд ч үйлчилгээ авч хүчрэхээ больжээ. Эдгээр нь дан ганц эмнэлэг, даатгалын санхүүжилтийн асуудал гэхээсээ Монголын эрүүл мэндийн тогтолцооны бүтэц, хүний нөөц, бодлого, удирдлага, хяналт, хариуцлагын системийн олон жилийн хямралын илрэл гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос гурван жилийн хугацаанд хийсэн хяналт, шалгалтаараа ил болгоод буй юм.
Салбарын өнөөгийн нөхцөл байдал, илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан, Монгол Улсад иргэний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах эрх огтхон ч хангагдахгүй байгааг “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт, шалгалтын тайланд дурджээ. Энэ талаараа ХЭҮК-ынхон хэд хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж, иргэдэд ерөнхий мэдээлэл өгсөн бол өнгөрсөн пү рэв гарагт уг хяналт, шалгалтынхаа тайланд үндэслэн “Бодлого, шийдэл” хэлэлцүүлэг өрнүүлж, цахим технологийн хөгжилтэй холбоотой хүний эрхийн зөрчил, иргэний эрүүл мэндийн тусламж авах эрхийн хэрэгжилт, эрсдэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцсон байна.
40 ГАРУЙ ХӨТӨЛБӨР, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛСЭН Ч ҮР ДҮН ГАРСАНГҮЙ
Хяналт, шалгалтыг 12 салбарыг хамруулан 48 дэд зүйлийн хүрээнд олон улсын болон үндэсний экспертүүдийн оролцоотой явуулсан гэнэ. Үүний дотор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрхийн хэрэгжилт ямар түвшинд байгааг тусгайлсан нэг бүлгээр авч судалжээ. 200 орчим хуудас бүхий тус тайланд эмнэлгийн тусламж авах иргэдийн эрх яагаад бодитоор хэрэгжихгүй байгааг нарийвчлан тусгасан байв. Үүнийг тоймлон хүргэвэл, салбарын санхүүжилтийн тогтолцооны хямрал, эмнэлгүүдийн ачаалал, хэт төвлөрөл, хүний нөөцийн хомсдол, ур чадварын асуудал, хот, хөдөөний үйлчилгээний ялгаа, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хүний эрхэд суурилсан үйлчилгээ төлөвшөөгүй, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, урьдчилан сэргийлэх бодлого сул, хяналт, хариуцлагын механизмгүй зэрэг нь голлох саад болж буйг онцолжээ. Хамгийн гол нь эдгээр асуудал тус тусдаа бус, шат шатандаа нэгдмэл байдлаар алдагдсан нь иргэний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэв.
Хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжуудад иргэний эмнэлгийн тусламж авах эрх “хангагдсан” байдаг ч эдүгээ энэ нь санхүүгийн боломжтой нь шууд холбоотой болж хувирсан нь том асуудал дагуулж буй аж. Улсын эмнэлгүүд ачаалал ихтэй, үйлчилгээ хү рэлцэхгүй, санхүүжилтгүй, эм, тариа, урвалж бодисгүй болсон үед иргэд хувийнхад хандахаас өөр сонголтгүй болдог. Мөнгөө төлөөд хувийн эмнэлэг барааддаг нэг хэсэг байхад төлбөрийн чадваргүй нь түүнээс олонд л учир бий. Өөрөөр хэлбэл, иргэдийн олонх нь улсын эмнэлгийн цаг сулрахыг, урвалж бодис, эм, тариа нийлүүлэгдэхийг хүлээсээр шаардлагатай тусламж, үйлчилгээгээ тухай бүрд нь авч чадахгүй байгаа нь хяналт, шалгалтаар ил болжээ.
Тэр дундаа ахмад настан, архаг хууч өвчтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эм чилгээ, оношилгоо, эмийн тасалдал нь өрхийн санхүүд хүнд дарамт учруулсаар буй гэнэ. Судалгаанд оролцсон иргэд “Улсын эмнэлгийн хүлээгдэл хэдэн долоо хоног, түүнээс ч удаан үргэлжлэх нь бий. Хувийн эмнэлгүүдийн өртөг өндөр тул эмчлүүлэх боломж бараг гардаггүй” хэмээн хариулжээ. Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо иргэдэд бодит хамгаалалт болж чадахгүй байгааг эмнэлэг, эмийн сангуудад үүссэн өр, авлагын өсөлтөөс нь харж болно. Даатгалын сангийн дампуурал нь эм, тарианы нийлүүлэлт багасах, эмнэлгүүд нөөцгүй болох, улмаар иргэдийн эмчилгээ тасалдах үндсэн шалтгаан болж буйг тайланд дурдсан байв.
Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт эрх зүйн шинэчлэл, цахим шилжилт, даатгалын тогтолцооны өөрчлөлт, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг зэрэг 40 гаруй хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлсэн ч иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах эрх бүрэн хангагдахгүй байгаа нь дээр дурдсанчлан эмч нарын ур чадварын зөрүү, ялгаварлан гадуурхалт, мэдээллийн нууцлалын зөрчил, хот, хөдөөний эмнэлгүүдийн чадавхтай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, монгол хүний амьд явах, эмнэлгийн тусламж авах эрх нь хууль тогтоомж, гэрээ конвенцод тусгаснаар буюу цаасан дээр л “баталгаатай” байгаа юм.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Монгол хүний эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хүрээнд хийсэн судалгаагаар эмнэлгийн үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байна уу, өрх болон иргэнд санхүүгийн дарамт учруулахгүйгээр тусламж үзүүлж чадаж байгаа, эсэхийг комисс дүгнэсэн. Сайжруулах шаардлагатай зүйлс их байна. Ялангуяа орон нутагт амьдардаг хүмүүст хүртээмж муу, зорилтот бүлгийн иргэдэд эмнэлгийн тусламж хүрэлцээгүй хэвээр. Эмийн чанар, хангалт ч анхаарал татлаа. Санхүүгийн хамгаалалтын тухайд иргэнээс гарч буй зардлыг багасгахгүй бол горьгүй нь. Мөн хүнд өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хавсарсан нийлмэл эмгэгтэй, удаан хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн гэр бүлүүд ядуурлын “шугам” руу орж байгаа нь харамсалтай” гэв.
ОРОН НУТГИЙН ЭМНЭЛГҮҮД НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ХОМСДОЛД ОРЖЭЭ
Эрүүл мэндийн тогтолцооны бас нэг тулгамдсан асуудал нь газар зүйн байршил, төвлөрлөөс үүдсэн бэрхшээл. Орон нутгийн эмнэлгүүд тоног төхөөрөмж, нарийн мэргэжлийн хүний нөөцийн дутагдалтайгаас иргэд нийслэл зорихоос өөр аргагүйд хүрдэг. Энэ нь санхүү болоод цаг хугацаа алдах, эмчилгээ хоцрох эрсдэл үүсгэдэг. Улмаар түр оршин суугчид, хаягийн бүртгэлгүй хүмүүс, малчид, алслагдсан бүсийн иргэд анхан шатны тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй байгаа нь үйлчилгээний тэгш бус байдлын “амьд” гэрч болж буй аж.
Орон нутгийнхан олон зуун км зам туулан нийслэлд ирлээ ч эмнэлгүүдийн ачааллаас шалтгаалан цаг авч чадалгүй буцах, олон хоногоор хүлээх зэрэг хүндрэл түгээмэл байгааг судалгаанд дурджээ. Энэ талаар ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир “Монголд сүүлийн 10 жилд эрүүл мэндийн байгууллагын тоо 51.5 хувиар өссөн. 1000 хүнд ногдох эмчийн тоо ч дэлхийн дунджаас өндөр байна. Тэгсэн хэрнээ одоо ч хүртээмж муу, ачаалал их гэсэн гомдол тасрахгүй байгаагийн гол шалтгаан нь нарийн мэргэжлийн эмч нарын олонх нь Улаанбаатарт төвлөрсөн, хөдөөд ур чадвартай боловсон хүчин бараг байхгүйтэй холбоотой. Дан ганц орон нутагт ч гэлтгүй улсын хэмжээнд явуулсан судалгаагаар иргэдийн 67 хувь нь буюу бараг хоёр хүн тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байна гэж хариулсан. Иймд эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдан авалтад анхаарах, эмч, сувилагчийн харьцааг тэнцүүлэх, орон нутагт нарийн мэргэжлийн эмч нарыг олноор ажиллуулж, төвлөрөл, чирэгдлийг бууруулах нэн шаардлагагтай” хэмээв.
Улсын хэмжээнд 1000 хүнд ногдох эмчийн тоо нэмэгдсэн ч эсрэгээрээ нарийн мэргэжлийн боловсон хүчний дутагдалд орсон байна. Тодруулбал, ерөнхий мэргэжлийн эмч 638, хүүхдийнх 439, яаралтай тусламжийнх 318, сэтгэцийнх 260, мэдээгүйжүүлгийнх 237, нүднийх 638, эмгэгч судлаач 439 дутагдалтай байгааг дээрх хяналт, шалгалтаар илрүүлжээ.
Судалгааны дүгнэлтийг ерөнхийд тоймловол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад тулгамдаж буй нийтлэг бэрхшээлийн 78 хувь нь эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, ачаалал, 34.5 хувь нь эмч, ажилтнуудын харилцаа, хандлага, 16.3 хувь нь төлбөр хураамж, 14.1 хувь нь бичиг баримт бүрдүүлэлт, харьяалал, тодорхойлолт, 4.8 хувь нь хаяг, байршил тодорхойгүй гэсэн шалтгаантай байна.
Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо нь өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэхээс илүүтэй иргэдийг өвдсөнийх нь дараа эмчлэхэд төвлөрсөн нь судалгаагаар ч батлагдаж. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх бодлого орхигдсон, даатгалын мөнгө дууссан хэмээгээд хамгийн түрүүнд эл үйлчилгээгээ зогсоодог зэргээс нь бэлээхэн харагдана. Үүний үр дүнд хорт хавдрын өвчлөл хожуу шатандаа оношлогдож, зүрх, судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээрээ.
Манайд урьдчилан сэргийлэх боломжтой зүрх, судас, уушгины архаг өвчин, чихрийн шижин, хорт хавдрын шалтгаант нас баралт хүн амын дунд хамгийн түгээмэл тохиолдож буй нь бүсийн дундаж үзүүлэлтээс 10.4 хувиар их байгаа юм. Мөн элэг, ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж буй зэрэг нь Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо ямар түвшинд байгааг илтгэх наад захын үзүүлэлт гэдгийг ХЭҮК-ынхон онцлоод, “Сэргийлж болох дээрх өвчлөл нь ихэвчлэн хүрээлэн буй орчин буюу агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотойгоор үүсэж байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж буйн энгийн жишээ” гэдгийг нэмж тодотгов.
Түүнчлэн иргэдийг халдварт өвчин, бэлгийн чиг баримжаагаар нь гутаан доромжлох, өрөө тасалгааны хүрэлцээгүйгээс нэг тасагт олон эмч зэрэг үзлэг хийх, хүний нэр төр, хувийн нууц, өвчний мэдээллийг нь бусдад задруулах зэрэг үзэгдэл нийтлэг байгааг ч тайланд тодоор тэмдэглэжээ. Иймд салбарын шинэчлэлийг зөвхөн барилга, тоног төхөөрөмжөөр хязгаарлах бус, хүний эрхэд суурилсан, ялгаварлан гадуурхалгүй, хүн төвтэй, тэгш, хүртээмжтэй тогтолцоо бүрдүүлэхэд цаашид анхаарах хэрэгтэй хэмээн дүгнэсэн байна.