“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтын бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийг дөрвөн жилийн дараа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сарын 27- нд “Парламент” телевизийн ярилцлагын шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайхтай зодолдсон бичлэг нь одоо ч олон нийтийн сүлжээнд бий. Энэ өдрөө Д.Үүрцайх цагдаагийн байгууллагад хандаж “Шууд нэвтрүүлгийн үеэр зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж дараа сард нь Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм. Шүүхийн шинжилгээний байгууллагаас хохирогч Д.Үүрцайхын нүүрэнд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн 2023 оны дөрөвдүгээр сард Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан билээ. Гэвч Х.Бат-Ялалт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, дуудахад нь ирэхгүй байсан учраас 2023 оны аравдугаар сарын сүүлчээр цагдан хорьж байв.
Энэ явдлаас хойш шүүх хэргийг шийдвэрлэж чадахгүй байсаар өдий хүрсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалан хэлэлцсэн хурлаас Х.Бат-Ялалтыг Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.