-Нэгдмэл төрийн байгууламж гэдэг “том, жижгээ үздэг” тоглоомын талбар биш-
Монгол бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Ардчилсан парламентын засаглалтай, нэгдмэл төрийн тогтолцоотой оронд гэтэл нийслэл хот нь холбооны улс мэт дур зоргоороо аашилж, Засаг дарга нь иргэдийнхээ эсрэг хүртэл жагссан байж боломгүй үйлдэл Х.Нямбаатарын үед гарсаар байна. Хотын мээр Нийслэлийн намын хорооны дарга байлаа гээд ИТХ-ын төлөөлөгч нар нь Засгийн газар, УИХынхаа эсрэг зохион байгуулалттайгаар дайрч, төрулсынхаа нэгдмэл байдлыг үгүйсгэн турхирсан зүйл ярьж, томордог тохиолдол арай ч гараагүй юм шүү, өнгөрсөн 30 гаруй жилд.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэгч албан тушаалтан болохоос гүйцэтгэх засаглалтайгаа өрсөлдөхүйц эрх дархтай бие даасан улс төрийн институц биш.
Ерөнхий сайд нь бүрэн эрхийнхээ хүрээнд хотын даргыг солих тухай ярихаар нийслэлийн удирдлага нь ИТХ дахь нөлөөллөө ашиглаж, “тролл арми”-аа ч хөдөлгөн, олон нийтийн сүлжээгээр Засгийн газрын тэргүүнээ доромжилж, улс төрийн эсэргүүцэл хийсэн нь хоёр хүний асуудал биш юм. Энэ бол Монголд төрийн институцийн эрх, үүрэг алдагдаж, легитим чанар ямар хэмжээнд дордсоныг яруу тодоор илтгэсэн бас нэгэн бодит жишээ.
“Датаком”-ын гэдгээрээ олонд танигдсан Д.Энхбат өчигдөр цахим хуудсандаа “Төрийн нэгдмэл байдал алдагдсан нь улам тод харагдах боллоо. Албан тушаалтнууд хувийнхаа болон бүлэглэлийнхээ эрх ашгийг л төрийн нэрээр халхалж хэрэгжүүлж байна. Нэгдмэл байдалгүй болсон гэдэг нь систем задарч байна гэсэн үг. Систем нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаа болино гэдэг нь ардчилсан төр үгүй болж байна гэсэн үг. Цаашид яах вэ. Хамгийн муу хувилбар бол дарангуйлал тогтоно. Учир нь систем задрахад түүний удирдлагын орон зай хоосорч, улс орон инерцээрээ явж эхэлдэг гэдэг. Ихэнх хүн төр байсаар байна гэж харах ч бүх зүйлс эзэнгүй, дүрэмгүй болж, замбараагүй байдал нь ердийн зүйл болно. Задарч буй системийг тогтоох сүүлийн арга нь түүнийг хүч хэрэглэж, дарангуйллаар хадгалах зам” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Монголын хүн амын талаас илүү нь аж төрдөг нийслэл Улаанбаатар хотын парламент төлөөллийн ардчиллын амин сүнс болсон гол утга, мөн чанараа ч энэ зуурт гээв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн хамгийн гол хийх ёстой ажил нь иргэдийнхээ эрх ашгийг хотын парламентад төлөөлж, тэдний хүсэл сонирхол, дуу хоолойг хамгаалж, Засаг даргадаа хяналт тавих явдал юм. Гэтэл энэ цаг үед нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хотын дарга Х.Нямбаатарын хамгаалалтын штаб шиг ажиллах болсон нь аюумшигтай. Нутгийн өөрөө удирдах ёсыг ч гажуудуулж, утгыг нь алдуулав. Нийслэлийн ИТХын төлөөлөгчид хотын иргэдийг төлөөлж байна уу, эсвэл намын хорооны даргынхаа буруутай үйлдлийг хаацайлдаг уу гэсэн асуултын хариуг сонгуулиар өөрсдөд нь мэдрүүлээд, дүнг нь тавьж чаддаггүй учраас өнөөдүүл нь “хаданд гарчихсан”.
Сүүлийн гурван жилд нийслэлд хэрэгжүүлсэн бодлогын цөм нь торгууль бас дахин торгууль, бүх төрлийн татвар, төлбөрийн нэмэгдэл, хяналтын камер, хөдөлгөөний хязгаарлалт, мега төсөл, бондын өр, зээл, хүү гэх мэт татвар төлөгчдийн халаас руу чиглэсэн үгсийн сан, үйл явцаар хэмжигдэнэ. Төлөөллийн зарчмаар нийслэлийн ИТХ-д сонгогдсон хотын удирдлага иргэдтэйгээ зөвшилцөж, ойлголцохоос илүү хянах, шүүх, цагдах, захирах, тушаах арга барилаар ажиллаж ирэв. Хотын иргэд өөрсдийгөө төрийн үйлчилгээ авч буй иргэн гэхээс илүү торгууль төлөгч субъект мэтээр мэдэрч эхэлсэн нь нуух аргагүй бодит байдал. “Төсөл, тендерийн хулгай явсаар ард түмний аягатай хоол руу орлоо” гэж Ерөнхий сайд Н.Учрал зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Нийслэлчүүдийн өвөл, хаврын хэрэгцээнд зориулж мах нөөцлөхөөр жил бүр улс, хотоос багагүй хэмжээний татаас өгч, хөнгөлөлттэй үнээр бэлтгүүлэх тендерийг Улаанбаатар хотын Захирагчийн албаныхан зохион байгуулахдаа хэний ашиг сонирхолд үйл чилснийг нийтэд зарлахаар “Нөөцийн мах надад ямар хамаатай юм” гэж асуудал дүйвүүлдэг мээртэй болсон, бид.
Хот хөгжих ёстой нь үнэн ч хөгжил нэрээр түрээ барин, гадаад, дотоодоос бонд босгон өр, зээл тавьж, мега төслүүдийн тендер шалгаруулалт, төсвийг ямар ч хяналтгүй захиран зарцуулж буйн цаана ямар ашиг сонирхол байгааг нягталж асуухаар “хотын хөгжлийг эсэргүүцэгч” террорист мэт харагдуулахыг оролдох нь эрүүл биш үзэгдэл юм. Хамгийн ноцтой нь албан тушаалыг төрийн ажил үүрэг биш, улс төрийн өмч мэт ойлгодог сэтгэлгээ газар авч байгаа явдал. “Учрал өөрийн хүнээ хот дээр тавих гэж байна” хэмээх гомдол нь УИХ, Засгийн газрын гишүүн, төрийн сайд хийж байсан туршлагатай хүнээс гарамгүй үг. Энэ бол төрийн албыг мерит тогтолцоо бус фракцын квот мэтээр ойлгож ирснийг нь илчилнэ. Төрийн алба хэн нэгний өмч биш. Хот ч бас улс төрийн бүлэглэлийн хувийн компани биш. Улаанбаатар хотод өнөөдөр утаа, замын түгжрэлээс илүү том асуудал бий болсон нь улсаасаа “давсан” эрх мэдлийн төвлөрөл болжээ.
Нийслэлийнхэн Яармагт тусдаа вант улс шиг аашилж, удирдлагуудынх нь ойр орчмын хүмүүс тeндерийн хулгайд нэр холбогдож, авлигын нэгдсэн сүлжээг ил тодоор угсарч, асар их мөнгөөр хэвлэл мэдээллийнхнийг угжиж, иргэдийнхээ тархийг угаан, үе үе лайваар Төрийн ордон руугаа сум “шүршчихээд”, сүүлдээ ард түмнийхээ эсрэг хүртэл жагсан, ардчилал бус анархизм тогтоосноо илтгэсэн. Тиймээс өнөөдөр Х.Нямбаатар явж, маргааш өөр нэг хүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдлоо гэхэд энэ тогтолцоо хэвээрээ үлдвэл “хотын феодализм” үргэлжилнэ.
Нямбаатарын он тоолол эхэлснээс хойш нийслэлд юу болж өнгөрснийг нэхэн санацгаая.
2023 оны арванхоёрдугаар сарын 05 Нийслэлийн ИТХ-аар Улаанбаатар хотын 2024 оны төсвийг хэлэлцэн батлах үеэр “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн огтоох тухай” 124 дүгээр тогтоолыг сэм шургуулан, хоёр хувь болгож нэмсэн юм. Ийнхүү Х.Нямбаатарын он тоолол эхлэнгүүтээ хотын албан татварын хэмжээг хоёр хувь болгон нэмэгдүүлснээр 2024 оны нийслэлийн төсөвт 32 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолон, түүнийгээ ч давуулан биелүүлэв. Нийслэлчүүд өдгөө ресторанд хооллоод гарахдаа, машинаа угаалгах болон засаж янзлуулах бүрдээ, амралтын газар, зочид буудал, караоке, баар цэнгээний газраар үйлчлүүлэх тоолондоо, мөн худалдаж авсан тамхи, бүх төрлийн согтууруулах ундаа болгондоо үнийн дүнгийн хоёр хувиар нэмэлт татвар төлж буй.
Иргэдийнхээ хэтэвч, халаас руу дураараа савраа шургуулж, татварыг ил далд энэ мэтчилэн нэмээд, тэр мөнгийг буцаагаад юунд, хэрхэн зарцуулснаа тайлагнадаггүй “даам”, дарангуйлагч даргатай байхын зовлон ийм буюу. Өнгөрсөн өвөл бүр хотын татварыг таван хувь болгон нэмэгдүүлнэ гэдэг “бор шувуу” нисгэж, нийслэлийн Татварын газрын даргаараа үгүйсгэсэн тайлбар хийлгээд амжсан билээ.
2024 оны арванхоёрдугаар сар Нийслэлийн ИТХ-аас 2025 оны хотын төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслөө хамтад нь чимээгүйхэн зүтгүүлж, санасандаа хүрсэн. Ингэснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл дэх автомашины татварыг гурав, зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн юм.
2025 оны гуравдугаар сар Олон нийтээс санал авахгүйгээр хотын автомашины албан татвар, замын төлбөрийг 3-5 дахин нэмснийг эсэргүүцэн иргэн Э.Батбаяр “D-Parliament” цахим системд өргөдөл гаргав. Энэхүү өргөдлийг 33 мянга гаруй хүн дэмжсэн тул өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-аас ажлын хэсэг гарган, шалгах үеэр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Бид анх автомашины албан татварын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэхээр бэлтгэж байсан. 2024 оны арваннэгдүгээр сард хийсэн нийслэлийн төсвийн хэлэлцүүлгийн үед 15 иргэний санал асуулга, ярилцлагын үр дүнд үүнийг эргэн харж гурав болгон бууруулсан. Арванхоёрдугаар сарын 18-нд татвар нэмэх асуудлаар тусгайлан санал асуулга явуулахад хоёр хүн оролцоод, дэмжихгүй гэсэн” хэмээх тайлбар өгсөн юм. Улмаар УИХ-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрээр арваннэгдүгээр сард нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах тухай нийтийн өргөдлийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон ч тэгсхийгээд мартагнуулав.
2025 оны есдүгээр сар Нийслэлийн ИТХ-ын 113 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулснаар нийслэл хот түүхэндээ анх удаа төсвөө гурвантаа тодотгосон үйл явдал цагаан дээр хараар бичигдэн үлдэв. Түүнчлэн нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын парламентаар батлуулаад ердөө хоёр сар гаруйхан болсон 2026 оны төсөвтөө ч өнгөрсөн гуравдугаар сарын эхээр тодотгол хийлгэсэн юм. Ингэснээр нийслэлийн ИТХ-аар батлуулсан 4.3 их наяд төгрөгийн төсвөө 2.2 их наядаар нэмэгдүүлж, “Улаанбаатар трам” төслийн II шугамын ажилд л гэхэд 350 тэрбумыг гэнэт тусгуулсан билээ.
2026 оны хоёрдугаар сар 2026 оны нийслэлийн төсөвт торгууль, хүүгийн орлогоос 449 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр баталсан юм. Энэ нь таван жилийн өмнөхөөс даруй 10 дахин өссөн дүн бөгөөд нийслэлийн төсөвт эзлэх хувь нь 22 болж 17гоор нэмэгджээ. 2025 онд нийслэл иргэдийнхээ халаасыг мөн л ийм аргаар “суйлж”, торгууль, хүүгийн орлогоос 393 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн нь багадаад энэ жил 53 тэрбумаар нэмсэн гэсэн үг. OECD-гийн гишүүн орнууд зэрэг олон улсын жишгээр бол хотын төсөвт эзлэх торгуулийн хэмжээ 1-3 хувьд хэлбэлздэг бөгөөд таван хувиас давбал эрсдэлтэй гэж үздэг. Хамгийн гол нь улаанбаатарчууд дэлхийн жишгээс долоо дахин өндөр торгууль төлж байж бүрдүүлсэн төсвөө юунд зарцуулах гэж байгааг мэдэх, хянах, саналаа хэлэх, шаардах, оролцоогоо хангах эрхгүй.
2026 оны гуравдугаар сар. Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлсэн ч төсөвт өртөг хийгээд тендер шалгаруулалт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгүй зэрэг олон асуудал боссоноор мега төсөл нь зогсонги байдалд оров. Засгийн газрын тэргүүн “Бүх асуудлаа тодорхой болтол төслийг зогсоо” гэж үүрэг өгсөн ч нийслэлийн томоохон дүнтэй тендерт шалгарсан хятад компанийнхан Монголын Ерөнхий сайдын үгийг үл ойшоон ажлаа үргэлжлүүлж байсан нь шалгалтаар тогтоогдсон юм. Ийнхүү гүйцэтгэх засаглал, хотын удирдлагын хоорондох асуудал улам хурцдаж, Х.Нямбаатар сүүлдээ ажил л хийж, хотоо хөгжүүлэх гэсэн “ард түмний талд байгаа хүн” болж, нийгмийн бухимдлыг популизмаар удирдах явуургүй оролдлого хийсээр байв.
2026 оны тавдугаар сарын 16 Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа өнгөрсөн бямба гарагт мэдэгдэв. Ард иргэдийнхээ үгийг сонсохгүй, бодит амьдралаас тасарч, эрх мэдэл, мөнгөндөө “сохроод”, хэмжээгүй эрхт хаан мэт аашилсан учраас түүнийг огцруулах нь хэзээ мөдгүй болох л байсан улс төрийн процесс юм. Яг ийм шалтгаанаар өн гөрсөн жилийн өдийд Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийг огцортол жагссан ард түмэн хотын даргыг “авч хаях” асуудалгүй л. Үүнийг хотын дарга болон түүний тойрон хүрээлэгчдээс бусад нь харин ойлгохгүй, мэдрэхгүй, төсөөлөхгүй явж. Их наяд их наяд төгрөгөөр гагнагдсан эрх мэдлийн гинжийг тасалсан Ерөнхий сайдаа элдвээр зүхэж, “Уушгиныхаа гурван судсыг тасартал үзэлцэнэ” гэж байхыг бодоход нэлээд гүн “шок”-нд орсон бололтой. Гээд “Тэмээ туйлавч тэнгэрт гарахгүй” гэж үгтэй юм.
Л.Аргамжин