МАН-ын дарга Н.Учрал өнгөрсөн хоёрдугаар сард болсон Бага хурлынхаа үеэр УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх болон А.Амундра нарыг намын гишүүнээс чөлөөлөх тухай мэдэгдсэн билээ. Намаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдээс цэвэрлэх ёстой гэж үзсэн учраас ийм асуудалд нэр холбогдсон дээрх хүмүүсийг явуулах нь зөв гэж байв. Гэхдээ эцсийн шийдвэрийг тус намын Хяналтын ерөнхий хороо гаргана гэсэн юм. Тэгвэл өнөөдрийг хүртэл ХЕХ-ноос дээрх хүмүүсийг “хөөсөн” шийдвэр гаргасангүй. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан баасан гарагт тайлбар хийв. Тэрбээр “Намайг өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэсэн саналыг ХЕХ-ноос тавьсан. Шүүхээс намайг гэм буруутай гэж тогтоогоогүй байхад “нүүрсний хулгайч” гэж цоллож буй нь хууль бус үйлдэл. Хуулийн байгууллагаас дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгч байгаа. Үндэслэлгүй, нотлогдоогүй зарим асуудлыг дахин шалгуулах хүсэлтээ гаргасан” гэсэн тайлбар өглөө.
С.Уул