Орон сууцын үнийн индекс энэ оны дөрөвдүгээр сард өмнөх үеийнхээс 9.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Тодруулбал, шинэ орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 7.4, өмнөх сарынхаас 0.4, хуучин байр өмнөх жилийн энэ үеийнхээс 10, өнгөрсөн сарынхаас 1.1 хувиар тус тус өсжээ. Энэ оны дөрөвдүгээр сард шинэ орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ 4.78 сая төгрөг байв. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу ам метр нь 5.57, Сонгинохайрханд хамгийн хямд буюу 3.38 сая төгрөгийн ханштай. Шинэ орон сууцын дундаж үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 10.7 хувиар өсөж, Чингэлтэйд 12.3 хувиар буурсан гэнэ. Энэ нь Баруун дөрвөн зам орчимд барьсан орон сууцын төсөл дуусаж, ашиглалтад оруулсантай холбоотой аж.
Хуучин орон сууцын тухайд шинээсээ илүү өртөг өндөр хэвээр байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу нэг ам метр талбайн үнэ 5.89 сая төгрөг. Баянзүрх дүүрэгт хуучин сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13 хувиар өссөн нь анхаарал татаж буй. Үүнээс гадна нэг өрөө орон сууцын түрээсний дундаж үнэ 1.2, хоёр өрөө бол 1.8, гурван өрөө нь 2.7 сая төгрөгийн өртөгтэй байгаа аж. Хамгийн өндөр түрээстэй нь мөн л Сүхбаатар дүүрэгт буюу 220 мянгат орчимд 1.9-4.4 сая төгрөгт хүрчээ.
Ч.Болор