Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын алдаанаас болж хүү нь насан туршийн асаргаанд орсон хэмээн түүний ар гэрийнхэн өчигдөр сэтгүүлчдэд хандав. Галуут сумын III багийн иргэн Б.Мөнхтогоо “Миний бага хүү М.Эрхэмбаяр 2019 онд нэгдүгээр ангидаа үсэглэлийн баярынхаа маргааш толгой, гэдэс нь өвдөж, сумынхаа эмчид үзүүлсэн юм. Тухайн үед ханиад хүрсэн байж магадгүй гэсэн ч маргааш нь дахин үзүүлэхэд олгой гээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасаг руу явуулсан. Ингээд олгой авах хагалгааны үед унтуулга, мэдээгүйжүүлэлтийн эмч нугасаар мэдээгүйжүүлэх тариа хийсэн ч өвдөлт мэдрэгдсэн тул дахин судсаар тариа хийсэн. Энэ бүхнээс үүдэж, хүү минь ухаан алдаж, зүрх нь зогссоноос болоод тархины эд, эс нь гэмтэж, өдийг хүртэл эмчилгээгүй долоон жил болж байна. Баянхонгор аймгийн эмнэлэгт 11 хоног ухаангүй байсан тул онгоцоор ЭХЭМҮТ-д ирж, 14 хоногийн дараа ухаан орсон. Үүнээс хойш аль сайн гэсэн эмнэлэг, сувиллаар явлаа.
Уг асуудлаар хуулийн байгууллагад хандахад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч хагалгааны явцад хоёр өөр мэдээгүйжүүлэлт ашигласны улмаас тархины эд, эс нь гэмтсэн гэсэн дүгнэлт танилцуулсан. Аймгийн мэргэжлийн хяналтынхан “Цусны шинжилгээ авч, ЭХО-д харж, бүрэн оношлоогүй, хүүхдэд мэдээгүйжүүлэлт хоёр удаа хийсний улмаас тархины эд, эс гэмтсэн” гэсэн дүгнэлт гаргасан. Цагдаагийн байгууллага дүгнэлт гаргуулах гэж маш их хугацаа алдсан. Шүүх шинжилгээний долоон эмчээр дүгнэлт гаргуулна гээд бүтэн хоёр жил зарцууллаа. Эхний дүгнэлтээр “М.Эрхэмбаярын нас барсан шалтгаан нь үрэвсэлтэй олгой” гэж гаргасан. Амьд хүнийг нас барсан болгож, дүгнэлт гаргасанд туйлын гомдолтой байдаг. Ингэж прокурор, цагдаа гэсээр асуудал сунжирсаар 2022 онд шүүх хурал эхэлсэн. Алдаатай дүгнэлтийн уршгаар шүүхэд ч асуудал даамжирсан. 2023 оны гуравдугаар сард болсон шүүх хурлаар унтуулга хийсэн эмчийг хүүхдэд хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсон. Гэхдээ шүүхээс буруутай эмч нарт өршөөл үзүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн үйл ажиллагааны зардалд 2.6 сая төгрөгийг тухайн эмнэлгээс гаргуулахаар болсон ч нэг ч төгрөг аваагүй. Хүү минь одоо хүртэл байнгын асаргаанд байдаг. Энэ байдлаа Эрүүл мэндийн үе үеийн сайд, Ерөнхий сайд Н.Учрал, Ерөнхийлөгчид хүртэл удаа дараа танилцуулсан ч анхаарал огт хандуулдаггүй. Аймгийн нэгдсэн эмнэлэгт буруу эмчилгээний улмаас хүүхэд нас барсан нэг бус тохиолдол гарсан. Бид Мэс заслын тасгийн унтуулгын болон хагалгааны эмч нарт гомдолтой байна” гэв.