Ubcard апплэйкшнд нэвтэрч болохгүй, гацсаны улмаас автобусанд “туулайчлах” явдал сүүлийн өдрүүдэд түгээмэл боллоо. Төлбөрөө төлөөд зорчих гэхээр шинэ төхөөрөмж нь уншихгүй, хуучныг нь хэрэглээнээс хасчихсан тул жолооч, зорчигчийн хооронд ширүүхэн маргаан өрнөж эхэлсэн. Тодруулбал, энэ сарын 12, 13-нд ubcard апплэйкшн ажиллахгүй, иргэдийг багагүй сандаргасан юм. Мөн банкны карт уншихгүй, дамжин суухад төлбөр авч буй зэрэг гомдол тасрахгүй гарах болов.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газрынхнаас тодруулахад “Сүлжээнд гэмтэл гарсныг засаж дууссан. Одоо хэвийн ажиллаж байгаа. Нийслэлийн ЗДТГ-ын даргынтушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн программ хөгжүүлэгч багийнхантай хамтран ажиллаж байна. Гар утсаараа QR код уншуулахаас гадна банкны болон Umoney карт, бэлэн мөнгөөр нийтийн тээвэрт үйлчлүүлэх боломжтой. Umoney картаар дөрвөн удаагийн зорчилт буюу эхлээд төлбөрөө төлөөд гурван удаа дамжин суухдаа 1000 төгрөгөөр зорчдог байдал хэвээрээ. Мөн “Улаанбаатар смарт карт” компанитай хамтран ажилладаг арилжааны дөрвөн банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчих боломжтой. Харин банкны картаар үйлчүүлсэн тохиолдолд суух бүрдээ 1000 төгрөг төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, банкны картаар зорчиход дамжин суусан ч дахин 1000 төгрөг уншуулах бол umoney картны тухайд нэг уншуулаад гурван удаа дамжин суух эрх нь нээлттэй” гэв.
Хуучин төхөөрөмжүүдийг ашиглах, эсэх болон шалгагч нар автобусны карт цэнэглэхгүй байгаагийн улмаас иргэд хаана хандахаа мэдэхгүй тодорхойгүй байдал үүссэн. Үүнийг лавлахад “Umoney карт уншдаг төхөөрөмжийг 2015 онд ашиглалтад оруулсан. Нийтийн тээврийн зорчигчийн бүртгэл, хяналт, төлбөр тооцооны төхөөрөмж, жолоочийн хяналтын камер суурилуулах зэргээр 2024 оноос нийтийн тээврийн салбарт багагүй шинэчлэл хийж байна. Үүний хүрээнд шинэ төхөөрөмж суурилуулсан бөгөөд хуучных нь ашиглалтын хугацаа дууссан. Шинэ төхөөрөмжийн хөгжүүлэлт дуусаагүй тул одоогоор шалгагч нар автобусны карт цэнэглэхгүй байна. Энэ сарын 20-ноос шалгагч нар пос машинаар карт цэнэглэж эхэлнэ” гэв. Түүнчлэн нийслэлд байршуулсан 100 гаруй киоск машинаас автобусны карт захиалах, цэнэглэх, нэг удаагийн тасалбар авах боломжтой аж.
Ч.Цэлмэг