МҮЭСТО өндөр барилгуудын сүүдэрт дарагдан, нар үзэхээ байж, автомашинуудад шахагдан, “амьсгалах” зайгүй болжээ. 2026.05.10
Улаанбаатар хотын төв, Баруун дөрвөн замын уулзварт өндөр барилга, байгууламжид бүслэгдсэн, олны хөлийн дундаас торойж харагдахааргүй нэгэн объект орхигдож хоцорсон нь Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон (МҮЭСТО) юм. Нэгэн цагт хүүхдийн цангинасан инээд, хөгжмийн тансаг аялгуу тасралтгүй эгшиглэдэг байсан МҮЭСТО өнөөдөр өндөр барилгуудын сүүдэрт дарагдан, нар үзэхээ байж, автомашинуудад шахагдан, “амьсгалах” зайгүй болжээ. Энэ бол зүгээр ч нэг хуучирсан барилгын тухай асуудал биш бөгөөд нийтийн эрх ашиг, соёлын үнэт зүйлсийн эсрэг үйлдэж буй “гэмт хэрэг”-ийн бэлээхэн жишээ юм. Хамгийн эмгэнэлтэй нь, хагас зууны турш нийслэлчүүдийн соёлын өвийг тээж ирсэн эл төв өдгөө үгүй болохдоо тулчхаад байхад бид энэ бүхэнд дэндүү дасаж, улам л харалган болсоор. Арга ч үгүй биз дээ, мод огтолж, газрыг нь булаахад гайхахаа байтал, соёлын дурсгалуудыг нүдэн дээр нь сүйтгэхэд хүртэл дуугарч чадахгүй болтол сайд, дарга нар биднийг дарлаж, нийтийн орон зайг үгүй хийсэн учраас тэр.
МҮЭСТО ИРГЭДИЙН ОЙ ТОЙНООС АРЧИГДАХДАА ТУЛАВ
МҮЭСТО-ы барилгыг Монгол, ЗХУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр, хуучнаар Бүх холбоотны үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн барилгын II бригадаар бариулж, 1975 оны арваннэгдүгээр сарын 5-нд ашиглалтад оруулжээ. Улмаар тус зөвлөлд бэлэглэлийн журмаар хүлээлгэн өгсөн байна. Өдгөө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ)-ны харьяа өмчийн байгууллага гэж явдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс социализмын материал техникийн бааз байгуулж байх ид үед соёл, урлагийн салбар хийгээд нийт ард түмний оюуны өмч болгон МҮЭСТО-ыг өвлүүлсэн түүхтэй. Тиймдээ ч тус соёлын төв нь нэгэн үед баригдсан концертын танхимуудтай харьцуулахад хамгийн сайн акустиктай нь гэдгийг урлаг судлаачид, салбарынхан нь ч анддаггүй. Орон зай, зүг чиг заах талаасаа ч нийслэлчүүдийн зүрх сэтгэлд онцгой байр эзэлдэг ордон өдгөө монголчуудын ой тойноос ийнхүү арчигдахдаа тулж, үзэгдэх орчин ч үгүй болжээ.
Нийслэлийн Баянгол дүүргийн II хороо, Энхтайваны өргөн чөлөөний зам дагуу баригдсан, хотын хамгийн үнэтэй байрлалд “суурьшсан” МҮЭСТО нь 12 000 ам метр ашигтай талбайтай. 1000 хүний суудалтай концертын их, 300 хүний суудалтай кино, хурал, зөвөлгөөний бага танхим, 250 хүний суудалтай биеийн тамир, спортын заал, үзэсгэлэнгийн танхим, төрөл бүрийн сургалтын зориулалтаар тоноглогдсон өрөө тасалгаатай, тухайн үедээ л нүсэр байгууламжид тооцогдож байв. Гэвч өнөө цагийн хотын өндөр зэрэглэлийн гэгдэж буй байршилд анхнаасаа баригдсан нь тус төвийн “буруу” болж байх шиг. Учир нь юу вэ гэвэл үйлдвэрчний соёлын ордныг өдгөө олж очиход хэцүү болсон. Үе үеийн захирал, МҮЭХ-ны удирдлагуудын “өнгө”-нд ордны гаднах зам, талбай хумигдсаар, эзэмшлийн газар ч гэх юмгүй, хаанаас нь ч харсан танигдахааргүй, “үл үзэгдэгч” болоод байна.
Үүргээ ид гүйцэтгэх үедээ нийслэлийн хамгийн том, хүртээмжтэй соёлын байгууллагуудын нэг болж, урлагийн тоглолт, хүүхдийн дугуйлан, бүжиг, хөгжим, драм, олон нийтийн арга хэмжээ, үйлдвэрчний эвлэлийн соёлын үйл ажиллагаанууд тогтмол зохиогддог байлаа. Олон мянган хүүхдийн анхны алтан тайз, алга ташилтын эрчим, энергийг мэдрүүлсэн, урлагт дурлуулсан соёлын ордон нь өнөөдөр намчин нөхдийн хурал хуй, цуглаан болдог л газар болж хувирсан нь харамсалтай. Угтаа бол соёлын төв нь урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна хотын иргэдийн сэтгэл зүй, хүмүүжил, нийгмийн оролцоог бүрдүүлэгч нийтийн орон зай нь байх ёстой. Ялангуяа төвлөрөл ихтэй нийслэлд иргэдийн стрессээ тайлах, хүүхдээ урлаг соёлд дурлуулах орчин хамгаас чухал билээ. Даанч Улаанбаатар хотын удирдлагууд энэ үнэ цэнтэй барилгаа, үндсэн үйл ажиллагааг нь ч хамгаалж авч явж чадсангүй.
“БӨӨР”-НД ДАХИАД СОЁЛ, СУРГАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР БАРЬЖ БАЙНА
МҮЭСТО-ы эргэн тойрон дахь ногоон байгууламжууд бараг бүрэн устаж, үлдсэн багахан задгай талбай нь автомашин, бетонон байгууламжид эзлэгдчихээд байгаа. Зүүн талаасаа тэнгэр баганадсан “Жем палас” гэх шилэн барилгаар таглагдсан. Соёлын ордонтой “хүзүү, сээр”-ээрээ шахам холбогдсон худалдаа, үйлчилгээ, офиссын зориулалттай энэхүү төв нь анхнаасаа барилгын стандарт, норм дүрмийг арга хэмжээ, үйлдвэрчний эвлэлийн соёлын үйл ажиллагаанууд тогтмол зохиогддог байлаа. Олон мянган хүүхдийн анхны алтан тайз, алга ташилтын эрчим, энергийг мэдрүүлсэн, урлагт дурлуулсан соёлын ордон нь өнөөдөр намчин нөхдийн хурал хуй, цуглаан болдог л газар болж хувирсан нь харамсалтай. Угтаа бол соёлын төв нь урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна хотын иргэдийн сэтгэл зүй, хүмүүжил, нийгмийн оролцоог бүрдүүлэгч нийтийн орон зай нь байх ёстой. Ялангуяа төвлөрөл ихтэй нийслэлд иргэдийн стрессээ тайлах, хүүхдээ урлаг соёлд дурлуулах орчин хамгаас чухал билээ. Даанч Улаанбаатар хотын удирдлагууд энэ үнэ цэнтэй барилгаа, үндсэн үйл ажиллагааг нь ч хамгаалж авч явж чадсангүй. зөрчин сүндэрлэсэн нь олны нүдэнд ч илт байдаг. Иргэд болон тэр хавийн оршин суугчид уг барилгын ажил дөнгөж эхэлж байх үеэр эсэргүүцэж байсан ч тэгсхийгээд намжиж, өнөөдөр энэ талаар дуугарах ч хүнгүй, нүдэн балай, чихэн дүлий амьдарцгаах аж. МҮЭСТОыг бүсэлсэн барилга, байгууламжууд үзэгдэх орчныг нь ийн үгүй хийсэн юм.
Гэтэл тус ордонтой залгуулан дахиад нэг барилга бариад эхэлжээ. 17 давхар, соёл, сургалт, үйлчилгээний цогцолбор босох юм гэнэ. Бүхэн бүтэн 12 000 ам метр талбайтай, соёл урлаг, спорт, сургалтын цогц үйл ажиллагаа явуулдаг соёлын төв нь байсаар атал дэргэд нь ахиад ийм барилга барих ямар хэрэгцээ, шаардлага, хэний эрх ашиг ард нь нуугдаж байна вэ гэдэг нь хачирхалтай. Үүнээс ч хөгийн зүйл нь, МҮЭСТО-ы ногоон байгууламж, усан оргилуур, авто зогсоол бүхий газрыг сүйтгээд уг 17 давхар барилгыг босгож буй явдал юм. Мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй удирдлагууд нь, МҮЭХ-ныхон хүртэл нийслэлийн хот байгуулалтын мэргэжилтнүүдтэй нийлчихсэн тус 17 давхар барилгыг барих зөвшөөрөлтэй, мэдэгдлээ ч албан ёсоор ирүүлсэн хэмээн тухайн барилгын компанийг өмгөөлж, хэвлэлийн бага хурал хийж байсан удаатай шүү дээ.
Үйлдвэрчний соёлын ордны зогсоол дээр барьж буй барилгыг иргэд, олон нийт өнгөрсөн онд эсэргүүцэж байх үеэр буюу наймдугаар сард Хот байгуулалт, хотын стандартын газрынхан хэвлэлийн хурал зохион байгуулсан юм. Соёлын төвтэй залган барьж буй барилгыг “Луминари” ХХК гүйцэтгэж буй аж. Нийслэлийн Засаг даргын 2016, 2022 оны захирамжаар Баруун дөрвөн замын уулзварт барилга, байгууламж шинээр барихаар төлөвлөсөн гэнэ. Үүний дагуу 2023 онд “Луминари” ХХК болон МҮЭХ-нд архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, гуравдугаар сард нь соёл, сургалт, үйлчилгээний зориулалттай барилгын загвар зургийг баталсан байна. Улмаар МҮЭСТО-ы зогсоол, усан оргилуур байсан газрыг хуулийн дагуу авч, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон гэж Хот байгуулалт, хотын стандартын газраас мэдэгдэх нь тэр. Өөрөөр хэлбэл, “Луминари” ХХК-ийнхан автомашины зогсоол, ногоон байгууламж бүхий нийтийн эзэмшлийн газрыг нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмшихээр авсан нь хууль ёсных юм байх. Түүгээр ч тогтохгүй МҮЭСТО-ы удирдлагууд ч цагаандаа гарч, бид газраа яахаа өөрсдөө мэдье гэх утгай зүйл ярьжээ.
Хотын төвд өндөр барилга барих зөвшөөрөл олгохгүй, соёлын ордны газрыг дахин хумсалж, бусдад зарахгүй гэж мэдэгдэж байсан нийслэлийн удирдлагуудын үнэн төрх, бодит байдал ачир дээрээ ийм л байна. Хотын төвд шил толь болсон өндөр барилга барихыгаа Улаанбаатарыг хөгжүүлж байна гэж сэтгэдэг дарга нарт соёлын өвийн үнэт зүйл сүйдэх, түүхийн дурсгалт газар “булшлагдах” нь түй ч хамаагүй л дээ. Харин иргэд энэ талаар “МҮЭХ-ныхон хахууль авч, газраа өндөр үнээр зардаг нь олны нүдэнд хэдийн ил болсон. Энэ бүхэн МҮЭСТОыг тойрч сүндэрлэсэн бетонон барилгуудаас нь харагдана. Соёлын төв ордны дэргэд хувийн компани соёл, сургалтын 17 давхар төв барихын тулд тийм их хөрөнгө гаргах уу. Дараа нь ямар ч зориулалтаар ашиглах юм билээ, хэн ч таашгүй. МҮЭСТО чинь тэр чигтээ сургалтын болон олон нийтийн арга хэмжээний зориулалттай.
Ийм байхад тэнэг хүн хуурч буй биш дээ” гэсэн юм. Мөн “Үйлдвэрчний соёлын ордонд үзвэр үзэх, хүүхдээ сургалт, дугуйланд зөөх гэхээр зогсоолгүй болчихсон, үнэхээр хэцүү байна. Энэ өндөр барилга ашиглалтад орсны дараа үйлчилгээ эрхлэгч, түүгээр үйлчлүүлэгчдийн машиныг хаана тавих юм. Улайм цайм луйвар л гэж үүнийг хэлэх байх. МҮЭСТО-ы захирал, МҮЭХ-г АТГ, ЦЕГ-аас шалгах цаг хэдийн болсон” хэмээв.
ТОМ ХОТУУД СОЁЛЫН БАЙГУУЛЛАГУУДАА НҮДНИЙ ЦЭЦГИЙ МЭТ ХАМГААЛДАГ
МҮЭСТО-д он гарснаас хойш нэг л тоглолт зохион байгуулжээ. Харин намын хурал, цуглаан олонтоо болдог аж. Хамгийн сүүлд буюу энэ сарын 4-д Соёлын төв ордны их танхимд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Иргэдийн оюун санаа, бие бялдрын хөгжил, соёлын эрэлт хэрэгцээнд нийцсэн чөлөөт цаг, урлаг, спортын төрөл бүрийн ажил, үйлчилгээ үзүүлэх, авьяастнуудыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, уран сайхан, гоо зүйн боловсрол олгох, биеийн тамирыг нийтийн хүртээл болгох, чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж ирсэн эл төв ийнхүү улс төрчдийн сонгуулийн бэлтгэл, олон нийтээс санал цуглуулж, оноо авах хэрэгсэл бүхий байр болжээ. Түүнчлэн дуу хөгжим, драм, бүжиг, цирк, уран зураг, гэрэл зураг, хийл, төгөлдөр хуур, ятга, морин хуур, сагсан бөмбөг, волейбол, талбайн болон ширээний теннис, шатар, уран сайхны гимнастик зэрэг урлаг, спортын 20 гаруй сургалт дугуйлан, секц хичээллүүлж, жилд 2000 орчим хүүхэд хамруулдаг байж. Харин өнөөгийн дүр төрхийг нь харвал үнэд орсон газрыг нь зарж идэхийн төлөөх тэмцлийн ордон болж хувирсан нь гэлтэй.
Тэгвэл дэлхийн том хотууд соёлын төвүүдээ нүдний цэцгий мэт хамгаалдаг аж. Учир нь соёлын байгууламжаа зөвхөн барилга гэж харалгүй хотын түүх, үндэсний үнэт зүйл, иргэдийн дурсамжийн нэг хэсэг хэмээн сэтгэж, арчилж тордсоор байна. Австралийн “Сидней опера хаус”-ын эргэн тойронд өндөр барилга барихыг хатуу хориглодог. Учир нь тус театрын үзэгдэх орчин нь өөрөө үндэсний өв нь юм. Өмнөх талбай нь бүхэлдээ нийтийн соёлын орон зай байдлаар төлөвлөгдсөн. Австрийн “Вена стейт опера” орчимд шинэ барилга барихдаа архитектурын өндөр, фасад, орчны нөлөөллийг олон нийтийн хэлэлцүүлгээр шийддэг. Түүх, соёлын байгууламжийн орчныг халхлах аливаа төсөл нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан хэвээр.
Түүнчлэн Өмнөд Солонгосын “Сөүл артс центр”-ийн эргэн тойрон дахь ногоон байгууламж, задгай талбай нь тусгай хамгаалалтад байдаг гэнэ шүү. Автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, явган хүний орчныг түлхүү хөгжүүлжээ. Францын театр, музей, концертын танхимуудын гаднах талбайг ч мөн иргэдийн чөлөөт соёлын орчин гэж үздэг. Манайх шиг соёлын төв, театр, музейгээ “булшилж”, нийтийн орон зайнаас хумсалж, хулгайлсан хот алга. Барилга, байгууламжийн хоорондын зайг баримтлах, нарны тусгал, салхины урсгалыг сайжруулах, галын аюулгүй байдлыг хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тухай ойлголт энэ мэт улам л үгүй болсоор байгаа нь харамсалтай.