-13 байршилд явган хүний 55 км зам шинэчилж байна -
Яаруу сандруу алхах иргэдийн хөл дор сул хавтангууд хяхтнан “ёолж”, өнцөг булан бүрээс нь техник, хэрэгслийн нүргээн, шороо тоос манарна. Энэ бол нийслэлчүүдийн зун бүр үздэг “төсвийн жүжиг”- ийн танил дүр төрх юм. Хотын удирдлагуудын хувьд явган хүний зам, хашлага (бордюр) шинэчлэх ажил халаасаа түнтийлгэх мөнгө “үйлдвэрлэгч” нь болоод удлаа. Олон улсын стандарт, эрүүл, аюулгүй орчин гэх мэт гоёмсог үгээр халхавчлан жил бүр улс, нийслэл, орон нутгийн төсвөөс олон тэрбумын хөрөнгө татдаг ч өнөөх “ганган” замууд нь дараа жилийн хаврыг үзэлгүй эвдэрдэг нь гачлантай.
ГАНЦХАН ЖИЛИЙН “НАСТАЙ” БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Нийслэлийн явган хүний зам, талбайн тохижилтод өнгөрсөн онд 32 тэрбум гаруй төгрөг төсөвлөж, 95 мянган ам метр талбайг шинэчилсэн аж. Гэтэл өнөөдөр тэдгээр замын багагүй хэсэг нь эмтэрч, хавтангууд нь сулран, борооны ус тогтдог “бяцхан цөөрөм” болон хувирав. Гэвч хотын захиргаа энэ онд дахин 80 мянган ам метр талбайг шинэчлэхээр төлөвлөж, өдгөө эхний багц буюу 13 байршилд 55 км засварын ажлыг эхлүүлээд байна. Үүнд хоёр тэрбум гаруй төгрөг зарцуулах аж.
Бүтээн байгуулалт нэрээр халхавчилсан энэхүү үр ашиггүй малталт өнөөдөр нийслэлийн А бүсийг ч тойрсонгүй. Сүхбаатарын талбай, Улсын их дэлгүүрийн орчим болон 120 мянгатын уулзвар гээд хотын төв гудамжуудын явган замыг нэгэн зэрэг хуулж хаяснаас Улаанбаатар хот дайны талбар мэт ундуй сундуй харагдах боллоо. Явган зорчигчид эвдэрхий зам, шороон овоолго дундуур бүдчин, авто замын хөдөлгөөнд саад учруулан алхахаас өөр аргагүй байна. Тэр дундаа хүүхдийн тэрэг түрсэн эхчүүд, тусгай хэрэгцээт иргэдийн хувьд нийслэл хот маань саадтай гүйлтийн талбай болон хувирав. Хотын соёл, өнгө төрхийг тодорхойлох учиртай төв гудамжууд аялал жуулч лалын оргил улирал эхэлж байхад ийнхүү сүйдсэнд бухимдах хүн олон.

Улсын их дэлгүүрээс “Peace tower” хүртэлх явган хүний замын хавтангууд ховхорч, эвдэрсэн ч сүүлийн нэг жил огт засаж тордсонгүй
ТӨСВИЙН МӨНГӨ “УЙЛДАГГҮЙ”, “УУРШДАГ”
Жил бүр ийм байдлаар засвар, шинэчлэл нэрээр нураах нь татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй үрэхээс цаашгүй. Хэрэв анхнаасаа чанартай материал, зөв технологиор нэг мөр шийдсэн бол өнөөдөр бидэнд энэ их хөрөнгөөр алслагдсан дүүргийн шороон замыг ч засах боломж байлаа. Гэтэл өдгөө АПУ компанийн хойд уулзвараас Төв шуудан хүртэлх хэсгийг дахиад л ухжээ. Үүнээс улбаалан иргэд “Бордюр сольдгоо болиод, зам хуулж ашиг олдог шинэ жишиг тогтлоо” хэмээн цахим орчинд дургүйцлээ илэрхийлж байна. Хэдхэн жилийн өмнө тавьсан, эвдэрч ховхроогүй хавтангуудыг дахин хуулж байгааг харахад төсвийн мөнгө “уйлдаггүй”, харин “ууршдаг” мэт санагдана.
Татвар төлөгчдийн мөнгийг ийнхүү салхинд хийсгэж байхад хотын дарга Х.Нямбаатар “Юм хийгээд хэрэггүй юм байна, хийх бүрд шүүмжилдэг” хэмээн гомдоллож сууна. Угтаа иргэд түүний хийж буй ажилд бус, харин аргацаасан, үрэлгэн, “цавчаа”-тай байж болзошгүй үйлдлүүдэд нь шүүмжлэлтэй хандаж буйг ойлгох ухаан түүнд алга. Явган хүний замгүй, шавар шавхайтайгаа хутгалдаж буй гэр хорооллын гудамж, алслагдсан дүүргүүдийн эвдэрхий хэсгийг засаж тордохын оронд төв замын эвдэрч хэмхрээгүй хавтанг солих нь хэний эрх ашиг вэ, хотын дарга аа.
ЭДИЙН ЗАСГИЙН “ХАВХ”
Нийслэлийн удирдлагуудын жил бүр сольдог бетон болон олон улсын стандартад нийцсэн байгалийн чулуун хавтангийн хооронд эдийн засаг, чанар, эдэлгээний асар том зөрүү бий. Олон улсын жишигт нийцсэн байгалийн чулуун (боржин) хавтан нь 50-100 жилийн эдэлгээ даадаг. Гэтэл манайд ашиглаж буй бетон хавтангууд ердөө 1-3 жилийн дараа л үйрч хагардаг аж. Нэг ам метр бетон хавтангийн анхны өртөг хямд (25-45 мянган төгрөг) мэт боловч 10 жилийн дотор 3-4 удаа солих шаардлага гардаг. Ингэснээр нийт зардал нь байгалийн чулуун хавтангийн (110-280 мянган төгрөг) өртгөөс хэд дахин даван гарч, тэр хэрээр төсөвт дарамт болно.
Мөн олон улсад замын налууг ус тогтохгүй байхаар тооцдог. Тиймдээ ч ус зайлуулах системтэй хийдэг байна. Түүнчлэн модны суурийг тусгай төмөр сараалжаар хамгаалж, үндэс нь хавтанг эвдэхээс сэргийлдэг. Харин манайд ус зайлуулах системгүй, зөвхөн хавтан өрөх төдийхнөөр аргацаадаг нь “бяцхан цөөрөм” үүсэх, улмаар зам доороосоо эвдрэх гол шалтгаан болдог аж. Өөрөөр хэлбэл, бид мөнгөгүйдээ биш, харин технологио буруу сонгож, чанаргүй гүйцэтгэлд хөрөнгөө үрж байгаа юм.
Сонгинохайрхан дүүргийн нутаг “Өнөр” хорооллын ард Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Иж бүрэн гудамж” төсөл иргэдийг ихэд бухимдуулж байна. Учир нь явган замыг шинэчилж сайжруулна гэсэн атлаа хазгай муруй, долгион мэт бордюр эгнүүлэн тавьсан. Албаныхан үүнийг “хэвтээ тэгшлэлт”, “хурд сааруулах геометрийн шийдэл” хэмээх чамин нэр томьёогоор хаацайлахыг хичээж буй. Төслийн зөвлөх Вальтер Отто Франкенбергер “Энэ бол жолоочийн зан төлөвт нөлөөлөх арга” гэж тайлбарласан ч нарийн замаар нааш цааш зөрөх нийслэлчүүдийн хувьд энэ нь ердөө л хиймэл саад гэлтэй.
Явган хүний замыг гурав, дугуйн зурвасыг хоёр метр болгон өргөтгөнө гэсэн амлалт цаасан дээр л биеллээ олсон. Амьдрал дээр бордюр болон хавтангийн нийлүүлэлт нь дарга нарын “цавчаа”-ны гол эх үүсвэр болж байгааг иргэд анзаарахтайгаа. Монголын эрс тэс уур амьсгалыг ч тооцоолоогүй, зөвхөн ашиг харсан эдгээр шийдэл нь иргэдийн амь нас, эрүүл мэндээр дэнчин тавьж буй хэрэг. Сүүлийн гурван жилд л гэхэд шинээр суурилуулсан хавтангууд нь өвөл болохоор гялтайж хөлдөөд, мөсөн гулгуур болж хувирсныг олон хүн мэднэ. Үүнээс үүдэн жил бүр хэдэн зуун хүн Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)ийн үүд сахихад хүрдэг атал хотын дарга “Улаанбаатарын бүх явган замыг стандартад нийцсэн чулуугаар солино” хэмээн ам гарч байна. Энэ өвөл хэчнээн хүн бэртэж, эмнэлэгт дугаарлан зогсохыг таашгүй.
Бид зам засаж байна хэмээн хөөрцөглөх зуураа юуг гээж, юуг анзаарахгүй өнгөрнө вэ. Өнгөн талдаа бүтээн байгуулалт ид өрнөж буй мэт боловч өнөөдөр Улаанбаатар хотод олон улсын стандартад нийцсэн явган хүний зам хэд байдаг бол. Унадаг дугуйтай иргэд нь амиараа дэнчин тавьж зорчдоггүй аюулгүй зам, “бетон ширэнгэ” дунд амьсгаа авах ногоон байгууламж, хүүхэд бүрд хүртээмжтэй тоглоомын талбай энэ хотод алга. Товчхондоо дарга нар төсвийн мөнгөөр бордюр, явган хүний зам сольж “тоглох” зуур ирээдүй хойч болсон хүүхдүүд маань тоос шороонд дарагдсан, аюултай орчинд торниж байна.

120 мянгат орчмын явган хүний замыг шинэчилж буй нь
ЖУУЛЧДЫН ХУВЬД МОНГОЛ БОЛ ТООС ШОРООНД ДАРАГДСАН ОРОН
Бид дотооддоо ийнхүү төсвийн хөрөнгөөр “наадаж” байх зуур гадаад ертөнцөд Монгол Улсын нүүр царай шороотойгоо хутгалдсаар байна. Оросын аялагч, сэтгүүлч Сергей Анашкевич 2016 болон 2024 онд манай орноор аялсныхаа дараа Монгол бол “уйтгар гунигийн орон” хэмээн дүгнэжээ. Тэрбээр зарим асуудалд өнгөц дүгнэлт өгсөн байж болох ч гадаадын иргэдийн нүдээр Монгол ямар харагддагийг бодитоор дүрслэхийг хичээсэн байна. Сэтгүүлчийн ажигласнаар Монголын хөгжил зогсонги байдалд орсон, засмал замууд нь эвдрэл ихтэй, нийслэл нь авто замын түгжрэл, усны хомсдолд нэрвэгджээ. Зуны улиралд тоос шороо ихээр босдог, явган хүн ч алхах замгүй нь амьдрах орч ныг таагүй болгож буйг тэрбээр онцолсон байв.
Үүнтэй ижил утга бүхий шүүмжлэлийг солонгос жуулчид ч мөн цахим хуудсандаа үлдээжээ. Тэд Монгол орныг гар нүүрээ угаах ч усгүй, тав тухгүй, бүх зүйл нь зузаан шороонд дарагдсан газар хэмээн тодорхойлсон юм. Амралтын газрууд нь эл хуль, усгүй, асар том хуурай цөл мэт санагдсан бөгөөд ялангуяа гол, мөрөн нь бохир, шороо бужигнасан орчинд Солонгосын таван одтой буудлын үнээр үйл чилж буйг ихэд гайхсан байна. Солонгос жуулч дын дүгнэснээр Улаанбаатар хот бол дайны дараах сэргээн босголтын үе шиг замбараагүй, эмх цэгцгүй харагддаг гэнэ.
Хэдийгээр монголчуудын тусархуу зан, үзэсгэлэнт байгаль нь аялагчдыг татах хүчин зүйл болдог ч дэд бүтэц, үйлчилгээний соёл нь манай орныг жуулчдын нүдэнд уйтгар гуниг, тоос шорооны орон мэтээр төсөөлөхөд хүргэжээ.
Дээр дурдсанчлан нийслэлийн хэмжээнд 13 байршилд нийт 55 км явган хүний замыг засаж, шинэчлэх бөгөөд ирэх долоодугаар сарын 25-нд дуусгахаар товлоод байна. Үүний хүрээнд Их тойруугийн гудамжны хойд хэсэг буюу Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам хүртэлх замыг засаж буй юм.
Энэ талаар Хот төлөвлөлт судалгааны институтийн Зам тээвэр, судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Батбаяр “Иргэдээс “Явган хүний эвдрээгүй замыг солилоо” гэх шүүмжлэл гардаг ч бодит байдалд хүрэлцээ хангалтгүйгээс хүмүүс авто замаар зорчих тохиолдол их байна. Мөн стандартын өндөрт хүрдэггүйгээс явган зам дээр машин гарч зогсох зөрчил цөөнгүй. Тиймээс явган зорчигчид аюулгүй орчин бүрдүүлж, ногоон байгууламж бий болгох зорилгоор энэхүү ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, явган замыг гурав, ногоон байгууламжийг 1.5, дугуйн зурвасыг хоёр метр өргөн стандарттайгаар шинэчилнэ” гэж тайлбарласан. Гэвч ирэх жилийн тавдугаар сард юу болохыг нийслэлчүүд андахгүй. Цас хайлж, газар гэсэхэд өнөөх хавтангууд дахиад л ховхорно. Хотын удирдлагууд үнэхээр ажил хийхийг хүсэж байгаа бол эвдэрч ховхроогүй замыг бүү оролд. Харин шаардлагатай байршилд нь сэтгэлээ шингээж, ганц жилийн настай биш, насан туршийн эдэлгээ даах стандарттай зам тавьж өгөхийг иргэд шаардаж байна.
Э.Сүйлэн