Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд байгуулсан II компакт гэрээний хүрээнд Монголын Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад орууллаа. Уг төсөл нь Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ирээдүйд үүсэж болзошгүй усны хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Улаанбаатар хот усны хомсдолд орох эрсдэлтэйг 2000-аад оноос эхлэн эрдэмтэд анхааруулсан. Тухайн үед төр, засаг ч гаргалгаа хайж, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран уг хөтөлбөрийг эхлүүлсэн нь алсыг харсан стратегийн шийдвэр байв. Усны компакт гэрээ бол хоёр орны стратегийн түншлэлийн бодит илэрхийллээс гадна хамтын амжилтын бэлгэ тэмдэг мөн. Тиймээс энэхүү үйл ажиллагаа дан ганц үйлдвэр ашиглалтад оруулж буй хэрэг биш. Энэ нь улс орны ирээдүйн тогтвортой өсөлт, иргэдийн ая тухтай амьдралыг баталгаажуулахын зэрэгцээ нийслэл хот өргөжин тэлэх суурь нөхцөлийг бүрдүүлж буй түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо” хэмээв.
Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бүрдүүлэх ажлын хүрээнд Биокомбинат, Шувуун фабрик орчимд гүний 30 худаг гаргаж, дэвшилтэт технологи бүхий цэвэршүүлэх үйлдвэрийг шугам хоолой, хяналт удирдлагын нэгдсэн системтэй нь цогцлоожээ. Сонгинохайрхан уулын зүүн бэлд байрлах тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар жилд 50 сая шоо метр усыг нийслэлийнхний хэрэгцээнд нийлүүлэх юм. Ингэснээр Улаанбаатар хотын хамгийн том ундны усны эх үүсвэр болж байна.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дан Пийтри “Монгол Улс хувийн хэвшилд тулгуурлан эдийн засгаа төрөлжүүлж буй энэ үед найдвартай дэд бүтэц нэн чухал. Усны компактын үр дүнд урт хугацааны хангамжийг баталгаажуулснаар үйлдвэрлэлийн шинэ салбаруудыг дэмжиж, Улаанбаатар хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чухал баталгаа боллоо. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр бид хамтын ажиллагааны бодит үр дүн, бүтээн байгуулалтаас ашиглалт руу, түншүүд болох шинэ үе шатанд шилжиж байна” гэсэн юм.
Тус үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцах Ус сувгийн удирдах газрын 27 инженер, техникийн ажилтан тоног төхөөрөмж суурилуулах болон турших шатнаас эхлэн дадлагажжээ. Тэд 2025 оны наймдугаар сарын 1-нээс албан ёсоор ажилдаа орсон аж. Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж болон Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаас бүрдэх 461 сая ам.долларын санхүүжилтээр нийслэлийн усны хэрэгцээг урт хугацаанд, тогтвортой хангахад чиглэсэн эл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.
У.Сүрэн